Наймдугаар сард олон жилийн дунджаас 1.6°С-аар дулаан байжээ

Наймдугаар сард олон жилийн дунджаас 1.6°С-аар дулаан байжээ

Манай орны наймдугаар сарын агаарын дундаж температур (1991-2020 оны дунджаар) Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12°С (53.6°F) –аас хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар +18.1°С (64.6°F) –аас +26°С (77°F), бусад нутгаар 12.1°С –аас +18°С (53.8°F –аас 64.4°F) дулаан байдаг.

Монгол орны хэмжээнд наймдугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 24 хувь нь ордог. Тус сард төвийн болон нутгийн хойд хэсгээр 60.1-125 мм, говь-цөлийн бүс нутгаар 5-30 мм бусад нутгаар 30.1-60 мм тунадас ордог байна. Өнгөрсөн сарын агаарын дундаж температур

  • Өмнөх жилээс 1.2°С-аар,
  • ОЖД-аас 1.6°С-аар тус тус дулаан байсан.

1940 оноос хойш тохиолдож байгаа 4 дэх дулаан сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд (Зураг 2) нийт нутгийн 86% нь дунджаас 1.1–ээс 3.0°С-аар дулаан, 14% нь дунджийн орчим байжээ.  Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 36.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 13.4%, ОЖД-аас 16.5%-иар тус тус бага бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 22 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 68 хувь нь дунджаас бага, 15 хувь нь дунджаас ахиу, 16.3% -д дунджийн орчим хур тунадас орсон байна. 

Монгол орны хэмжээнд болон дөрвөн бүсээр хуваан дундажлан тооцоолсон 8 дугаар сарын хоногийн агаарын дундаж температурын явцыг авч үзэхэд сарын ихэнх хугацаанд нийт нутгаар ОЖД-аас 0.2°С-аас 6.9°С-аар дулаан байв. Харин 3 дугаар 10 хоногийн зарим үеүдэд хоногийн агаарын дундаж температур ОЖД-аас -0.5°С-аас -1.9°С-аар хүйтэн байсан байна.

Хур тунадасны хувьд эхний арав хоногт баруун болон төвийн бүсэд, хоёрдугаар арав хоногт төв болон зүүн бүсэд харьцангуй ахиу хур тунадас оржээ.  Агаарын үнэмлэхүй их температур 30°С-ыг давж халсан өдөр Баянхонгорын Шинэжинст (Эхийнгол), Говь-Алтайн Цогт (Баянтоорой) 25-29 өдөр, Өмнөговийн Ханбогд, Дорноговийн Хөвсгөл, Замын-Үүд, Эрдэнэ сум орчмоор 20-22 өдөр, Өмнөговийн Булган, Цогт-Овоо, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган, Зэрэг, Манхан, Увсын Завханд 15-19 өдөр, бусад нутгаар 10-аас цөөн өдөр ажиглагдсан. 

Энэ сард агаарын температурын үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Шинэжинст сум Эхийголд 40.3°С, үнэмлэхүй бага утга Завханы аймгийн Цэцэн-Уул суманд -1.5°С хүрсэн. Харин хөрсний температурын үнэмлэхүй их утга Хэнтий аймгийн Галшир суманд 70°С, үнэмлэхүй бага утга Улаанбаатар хотын Тэрэлжид -4°С хүрч хүйтэрсэн байна. Тухайн сард хоногт хамгийн ихдээ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21-ны өдөр 57.6 мм тунадас орсон. Агаарын даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 946гПА, хамгийн бага утга Баянхонгорын Баянбулагт 770.5гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 33м/с хүрсэн байна.




Өнөөдөр хонь өдөр

12 цагийн өмнө