Европ, Японы хамтарсан хөтөлбөрийн сансрын төхөөрөмжүүд Буд гарагт ойртжээ

Европ, Японы хамтарсан хөтөлбөрийн сансрын төхөөрөмжүүд Буд гарагт ойртжээ

Европын Сансрын агентлаг (ESA), Японы Сансар судлалын агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "BepiColombo" хөтөлбөрийн сансрын төхөөрөмжүүд найм шахам жил үргэлжилсэн аяллынхаа эцэст Буд гарагт ойртжээ.

Төхөөрөмжүүдийг 2018 оны аравдугаар сард "Ariane 5" пуужингаар хөөргөснөөс хойш Нарны аймгаар 10 гаруй тэрбум км замыг туулаад байна. “BepiColombo нь Дэлхийгээс өөр гаргийг тойрон хоёр сансрын аппарат нэгэн зэрэг ажиллах сансрын анхны хөтөлбөр болох юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Нарны аймгийн хамгийн бага судлагдсан гаргуудын нэг болох Будын үүсэл, хувьслын талаар шинэ өгөгдөл цуглуулахад оршино. Өмнө нь Буд гаргийг 1973, 2011 онуудад хэрэгжүүлсэн НАСА-гийн хоёрхон хөтөлбөрийн хүрээнд судалж байжээ.

Эрдэмтэд өмнөх судалгааны үеэр илрүүлсэн гаргийн гадаргуу дээрх ер бусын хонхорхойнууд хэрхэн үүссэнийг тогтооно хэмээн найдаж байгаа ажээ. Мөн гаргийн гадаргуугийн өдрийн температур 430 хэмд хүрдэг хэдий ч туйлын бүсийн тогоонуудад нь мөс оршин байдгийн учир шалтгаан бас нэгэн нууц хэвээр байна. Буд гараг Нарнаас дунджаар 58 сая км-ийн алсад оршдог бөгөөд Нарыг дэлхийн 88 хоногт нэг удаа бүтэн тойрдог. "BepiColombo" хөтөлбөрийн сансрын аппаратуудыг эрс тэс температурын нөхцөлд ажиллах зориулалтаар тусгайлан бүтээжээ.