Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамжийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 шатахуун түгээх станцад 2000 тонн АИ-92 төрлийн шатахуун, орон нутгийн 84 шатахуун түгээх станцад 1038 тонн шатахуун түгээсэн.
Хадлангийн улирал эхэлсэн учраас орон нутгийнхны шатахууныг тасалдуулахгүй түгээхээр ажиллаж байна. Аймаг бүрийн 1-2 суманд шатахуун байхгүй байна гэсэн мэдээлэл ирлээ.
Хоногт ойролцоогоор 3000 тонн шатахуун түгээж байна. Замын-Үүдийн боомтоор 2000 тонн, Эрээнцав боомтоор 780 тонн шатахуун орж ирсэн. Эрээнцав боомтоор орж ирсэн шатахууныг зүүн бүсэд богино хугацаанд нийлүүлэх давуу тал үүссэн. Харин баруун бүсийн түгээлтийг Улаанбаатар хотоос хийж буй. Олон эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүднээс ОХУ, БНХАУ, БНСУ-аас шатахуун авах хэлцлийг хийж байна. Боомтуудыг өргөтгөн шинэчлэх, аюултай ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй. Мөн онгоцны түлшийг зуун хувь БНХАУ-аас авах боломжийг бүрдүүлэхээр ажиллалаа” хэмээн мэдээллээ.