Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт дахин баавгай орж ирсэн талаар тус сумын Засаг дарга М.Баттулга өөрийн X хуудсаараа дахин мэдээлжээ. Тэрбээр өмнө нь, 2026 оны наймдугаар сарын 31-нд тус сумын нутагт орж ирсэн дөрвөн баавгайн бичлэгийг олон нийтэд нийтэлж байсан юм. Улмаар уг дөрвөн баавгайг автомашинаар тууж, хүний суурьшлын бүсээс холдуулсан талаар мэдээлж байв.
Харин энэ удаа өмнө нь ирсэн дөрвөн баавгайнаас өөр, эхгүй жижиг бамбарууш сумын нутагт орж ирсэн байна.
Энэ талаар Засаг дарга М.Баттулга “Өмнө ирсэн дөрвөн баавгайнаас өөр, эхгүй жижиг бамбарууш орж иржээ. Туранхай, эцэнхий байна. Удаан амьд байж чадахгүй л байх даа. Хэд хоногийн өмнө Дашбалбар суманд ирсэн иймэрхүү бамбарууш үхсэн байсан” хэмээн бичжээ. Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн зарим сумын хүний суурьшлын бүс рүү баавгай орж ирсэн тухай мэдээлэл нэмэгдэх болсон байна. Иймд иргэдийг хөдөө, орон нутаг болон ой хээрийн бүсээр зорчихдоо анхаарал болгоомжтой байж, зэрлэг амьтантай таарсан тохиолдолд ойртож, үргээх оролдлого хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Өмнө ирсэн 4 баавгайнаас өөр эхгүй жижиг бамбарууш орж иржээ. Туранхай эцэнхий байна. Удаан амьд байж чадахгүй л байх даа. Хэд хоногын өмнө Дашбалбар суманд ирсэн иймэрхүү бамбарууш үхсэн бна лээ хөөрхий pic.twitter.com/j4AqnDHOMh
— М.Баттулга (@Battulga_munkh) September 8, 2026