Д.Цолмон: 65 төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж, 25-ыг нь байхгүй болгосноор жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэнэ

Д.Цолмон: 65 төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж, 25-ыг нь байхгүй болгосноор жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит үйлдвэрийн газруудын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон мэдээлэхдээ "Төрийн өмчийн шинэчлэлийн бодлогын хүрээнд өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Үүний хүрээнд төрийн өмчит хуулийн этгээдийн нэг төрөл болох төрийн өмчит үйлдвэрийн газар гэх статус байхгүй болж, нийтийн үйлчилгээний байгууллага гэсэн хэлбэрт шилжүүлж байна.

Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит үйлдвэрийн газруудын эрх зүйн статусыг хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулах шаардлагатай болсон. Иймд 65 төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллагын хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Эдгээр 65 байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийсэн. Давхардсан, ижил төстэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудыг нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах арга хэмжээ авч байна.

Ингэснээр тухайн байгууллагуудын тодорхой төсвийн зардлыг хэмнэх боломж бүрдэж, жилд 25-30 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой болно.

Өөрчлөлтийн хүрээнд 21 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн өөрчлөн зохион байгуулж, 16 төрийн өмчит компани болгож байна. Мөн 37 төрийн өмчит газрыг нэгтгэн өөрчлөн зохион байгуулж, 31 төрийн өмчит байгууллага болгох, зарим төрийн өмчит байгууллагыг төрийн байгууллагын чиг үүрэгт шилжүүлэх боломжтой гэж үзсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой болон улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилдаг. Улсын төсөвт үйлдвэрийн газар 39 байна. Эдгээр нь төрөөс жилд 153 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү шийдвэрийг гаргаснаар 25 төрийн өмчит үйлдвэрийн газар байхгүй болно” гэлээ.