Ц.Цолмон: Би бие дааж нэр дэвшинэ. Намуудын улс орноо хөгжүүлсэн нь хаана байгаа юм

Ц.Цолмон: Би бие дааж нэр дэвшинэ. Намуудын улс орноо хөгжүүлсэн нь хаана байгаа юм

УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. УИХ-ын тамгын газар гэх “их айл”-ыг гурван жилийн хугацаанд хариуцлагатай удирдсан тэрбээр ажлаа хүлээлгэн өгснөөсөө хойш хуульчийн ажилдаа төвлөрч байгаа аж. Түүнтэй уулзаж УИХ-д нэр дэвших тэр дундаа бие даахаар болсон шалтгаан мөн өнөөдрийг хүртэлх сонин, сайхнаас нь сонслоо.

-ИРГЭД БИЕ ДААЖ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙГАА БОЛ ДЭМЖИЖ
ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЪЯ Л ГЭЖ БАЙНА-

-Таны хувьд төрийн албанд олон жил ажилласан туршлагатай кандидат. Энэ ч утгаараа аль нэг намаас нэр дэвших боломжтой гэж харж байна. Гэтэл яагаад бие дааж УИХ-д сонгуульд өрсөлдөх шийдвэрийг гаргав?

-УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Хүмүүс дэмжиж гарын үсгээ зурж байна. Ер нь хуулийн хугацаанд бичиг баримтаа бүрдүүлээд дуусч байна. Энэ бол миний хувийн шийдвэр. Би огцом шийдвэр гаргаад байдаг хүн биш л дээ, Гэхдээ энэ шийдвэрийг нилээд бодож байж гаргасан.

-Мөрийн хөтөлбөрийг тань сонирхмоор байна. Таны мөрийн хөтөлбөр бусдынхаас юугаараа онцлог, ялгаатай юм. Хууль эрх зүй, бодлогын түвшинд та ямар ажил хийхээр хөтөлбөртөө тусгасан бэ?

-Сонгуулийн хуулийн дагуу ирэх сарын 02-ны /2020.06.02/ өдрөөс сурталчилгаа эхэлнэ. Тиймээс зургадугаар сарын 02-ны өдрөөс хойш мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар ярилцаж болно. Хоёулаа хууль зөрчөөд яахав. Уралдааны гараан дээр олон хүн зогсож байна. Уралдааныг албан ёсоор эхлүүлэн дохио өгөөгүй байхад нэг нь түрүүлээд гүйчихэж болохгүй шүү дээ. Түрүүлсэн ч амттай ялалт болохгүй. Яг одоогийн байдлаар би өөрийгөө хүмүүст танилцуулах ажлыг хуулийн дагуу л хийж байна. Боловсрол, ажлын туршлагаа танилцуулж “Та дэмжих үү. Дэмжиж буй бол гарын үсгээ зураач” гэж л явна. Иргэд дэмжиж буй бол гарын үсгээ зурна, дэмжихгүй бол зурахгүй л байна.

-Гарын үсгийг цуглуулахад иргэдийн таньд хандах хандлага ямар байсан. Түүнийг ажигласан байх?

-Бие дааж нэрээ дэвшүүлж байгаа юм бол дэмжиж гарын үсгээ зуръя л гэсэн хандлага ажиглагдлаа. Нэг үеэ бодвол нийгмийн сүлжээ их том цар хүрээг эзэлдэг болсон байна. Иргэдийн хувьд “Сошиалоос харлаа. Хаана очиж тантай уулзах вэ, гарын үсгээ яаж зурах вэ” хэмээн ярьсан. Тэгэхээр сошиалаас их мэдээлэл авч байх шиг байна. Ирж надтай уулзаж, гарын үсэг зурсан хүмүүсийн хувьд “Бие даагчдыг дэмжиж байна” гэж хэлээд л гарын үсгээ зурж байсан.

-Таны сонгосон Хан-Уул дүүрэг онцлогтой. Намууд олон жилийн туршлагатай улс төрчдөө тус дүүрэг рүү явуулдаг. Таны хувьд яагаад энэ дүүргийг сонгож өрсөлдөх гэж байгаа юм?

-Хан-Уул бол их солонгорсон дүүрэг, нэлээн ширүүн өрсөлдөөнтэй сонгууль болох байх гэж ярьж байна.  Гэхдээ өрсөлдөөн ширүүн байх тусам сонирхолтой, өнгө будагтай байх болов уу. Олон хүн өрсөлдөнө гэдэг сонгох сонголт их байна гэсэн үг. Жишээ хэлье, худалдан авагч дэлгүүрт ороход муухан хоёр бараа байлаа гэж бодъё. Зөвхөн хоёр бараанаас аль нэгийг нь л сонгох боломжтой бол худалдан авагч сэтгэл дундуур сонголт хийгээд дэлгүүрээс гарна биз дээ. Харж, харж байгаад өөрөө хүсээгүй ч аль нэгийг нь авна. Харин олон бараатай дэлгүүрээс хамгийн сайн бараагаа сайн шилж байгаад сонговол шал өөр. Нэр дэвшигч олон бол сонгууль өрсөлдөөнтэй, сонирхолтой болж сонгогчдын эрх ашиг хангагдана. Ядаж л иргэд нэр дэвшигчдээ харна, харьцуулна, дүгнэж сонголтоо хийнэ. Тийм учраас олон хүмүүс нэг тойрогт өрсөлдөж байгааг би хувьдаа зөв гэж харж байгаа.

Нөгөөтэйгүүр би энэ дүүрэгт төрж өссөн. Намайг төрөхөөс өмнө аав маань Хан Уул дүүргийн 75 дугаар сургуульд багшилж, ээж маань хивсний үйлдвэрт ажиллаж байсан. Ах, эгч бид гурвуулаа 52 дугаар сонгуулийг төгссөн. Одоо бид бүгд л Хан-Уулд амьдарч байна. Миний төрж өссөн, одоо ч амьдарсаар байгаа, мөн хийх гэж бодож төлөвлөж байгаа зарим зүйл маань Хан-Уултай холбогдож байгаа учир би сонгосон. 

-СОНГУУЛЬ БОЛООД ДУУСТАЛ БИЕ ДААГЧДЫН ЭСРЭГ
ТОМ СУРТАЛЧИЛГАА ЯВАХ БАЙХ -

-Бие даагчдыг сонгох нь тухайн тойргийнхоо сонгогчдод хохиролтой. Бие даагчид УИХ-д ганцаарддаг учраас ажил хийдэггүй гэх ойлголт иргэдийн дунд байдаг. Энэ ойлголтын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Сонгууль дуустал томоохон намууд, үзэл суртлаараа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ “Бие даагчид гараад юу ч хийж чадахгүй” гэдэг яриаг ярина. Үүний цаана аль нэг намыг сонгоорой л гэсэн санаа далд байгаа. Одоо сурталчилаад эхэлчихсэн. Гэтэл Намууд улсыг хөгжүүлсэн нь хаана байна вэ? Намууд “Асуудлуудыг чинь шийдээд өгье” гэж сонгууль бүрт амлаж гарч ирдэг биз дээ. Үр дүн байна уу. Иргэд намуудад итгэж ээлжилж саналаа өгсөөр байгаад 30 жилийг өнгөрөөжээ.  Эцсийн эцэст ард түмэн л сонголтоо хийнэ. Тэр сонголтыг хэн ч зөв, буруу гэж шүүх эрхгүй.

-Та ямар зорилго өвөртөлж УИХ-ын гишүүнээр ажиллах гэж байгаа юм?

-МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж ажлын гараагаа эхэлж байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар 10 орчим жил ажилласан, Засгийн ажил гэсэн үг. За тэгээд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж хууль боловсруулах хэрэгжүүлэх чиглэлд ажилласан. 22 жил хуулийн салбарт ажилласан хүн. Сайн хууль гаргаж бидний өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдэхэд л анхаарч ажиллана. Нэр дэвшиж буй залуустаа хэлэхэд “Би хэн юм, юу хийх юм, түүнийгээ яаж хийх юм” гэдгээ маш ойлгомжтойгоор иргэдэд тайлбарлаж өгөөсэй гэж хүсч байна.

-Та намаасаа гарчихсан юм уу?

Төрийн албан хаагч намын гишүүн байх боломжгүй. Намын гишүүнээсээ түдгэлзчихдэг. Уг нь МАН, МАХН гэж салаагүй байхад би Хувьсгалт намын гишүүн байсан. 2006 онд байхаа, Төрийн албаны тухай хууль батлагдаад төрийн албан хаагчид бүгд намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн.

-Тэгэхээр хоёр намын алинд нь ч итгэл, үнэмшилгүй байна уу та. Эсвэл өөр шалтгаан байна уу?

-Өнөөдөр иргэд улс төрийн намуудыг болохгүй байна гэж шүүмжилж, анхааруулга, дохио өгөөд байна шүү дээ. Яахав намуудад дохио өгч, хараат бус байж, Монгол улсад хэрэгтэй асуудлыг тодорхой цаг хугацаанд шийдэх юмсан гэсэн бодлоор бие дааж нэр дэвшиж байна. Асуудлуудыг шийдэх боломжтой юу гэвэл боломжтой.