Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ.
Тэгвэл Г.Солонго, Г.Адилбиш нарыг үргэлжлүүлэн хорьж шалгах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн ч шүүхээс тэднийг цагдан хорих саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Г.Солонго, Г.Адилбиш нарыг суллаж, гадуур шалгах боломжтой гэж шүүх үзжээ.
Эргэн сануулахад, Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нар нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэрээ хууль зөрчсөн хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэднийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, номлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэрийг шүүх гаргаж байсан юм.