Монгол Улсын инфляц 2026 оны долдугаар сарын байдлаар 13 хувьд хүрсний 50 орчим хувь нь мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны аравдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар танилцуулсан.
Энэ үеэр дэлхий нийтийн геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан шатахууны үнэ нэмэгдсэн нь инфляц өсөхөд нөлөөлснийг тодотголоо. Тодруулбал, мах, хүнсний ногоо зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын тал орчим хувийг бүрдүүлж байгаа аж.
Монголбанк үнийн өсөлтийн бүх шалтгаанд шууд нөлөөлөх боломжгүй ч инфляцыг хөөрөгдөх эрсдэлийг бууруулах зорилгоор наймдугаар сард бодлогын хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хувийг огцом чангаруулах арга хэмжээ авсан байна. Мөн инфляцын өнөөгийн нөхцөл байдал нь сүүлийн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан хүчин зүйлстэй холбоотойг энэ үеэр онцолсон. Цаашид Монголбанк инфляцыг дунд хугацаанд таван хувь орчимд тогтворжуулах зорилт тавьж, мөнгөний хатуу бодлогоо тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Монголбанкны төсөөллөөр намрын улиралд махны нийлүүлэлт нэмэгдэж, ургац хураалттай холбоотойгоор хүнсний бүлгийн инфляц саарах төлөвтэй байна. Гэхдээ цалингийн өсөлтөөс үүдэлтэй эрэлтийн дарамт болон шатахууны үнийн өсөлтийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд мөнгөний хатуу бодлого шаардлагатай гэж үзэж байгаа аж.