Д.Трампын рейтинг түүхэн доод түвшинд хүрч, Ардчилсан нам Конгрессын сонгуульд 12 нэгж хувиар тэргүүлж байна

Д.Трампын рейтинг түүхэн доод түвшинд хүрч, Ардчилсан нам Конгрессын сонгуульд 12 нэгж хувиар тэргүүлж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ажлын гүйцэтгэлийг дэмжих иргэдийн хувь 31 болж буурч, Ардчилсан нам Конгрессын сонгуульд Бүгд найрамдах намаас 12 нэгж хувиар илүү дэмжлэг авчээ. Энэ нь арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын дунд хугацааны сонгуулийн өмнө эрх баригч Бүгд найрамдах намын байр суурь суларч байгааг харуулж байна.

Reuters/Ipsos-ийн аравдугаар сарын 16-19-нд явуулсан санал асуулгаар сонгогчдын 47 хувь нь Конгрессын сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчдийг, 35 хувь нь Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлжээ. Харин Трампын ажлын гүйцэтгэлийг дэмжсэн иргэдийн хувь өмнөх санал асуулгаас нэг нэгж хувиар буурч, түүний ерөнхийлөгчөөр ажилласан хоёр бүрэн эрхийн хугацааны хамгийн доод түвшинд хүрсэн байна. 

Трампын рейтинг буурахад шатахууны үнэ өссөн, эдийн засгийн нөхцөл байдалд иргэд сэтгэл дундуур байгаа нь нөлөөлж буй аж.

Санал асуулгад оролцогчдын 68 хувь нь Трампын эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Мөн эмэгтэй сонгогчдын 50 хувь нь Ардчилсан намыг, 32 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжихээ мэдэгдсэн байна. 

АНУ-ын Конгрессын дунд хугацааны сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 435 суудал болон Сенатын суудлын гуравны нэг орчимд өрсөлдөөн өрнөнө. Одоогоор Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд 218:214, Сенатад 53:47-ийн харьцаатай тэргүүлж байна. Ардчилсан нам хоёр танхимд олонх болохын тулд цэвэр дөрвөн суудлын зөрүүг нөхөх шаардлагатай болно.  Хэрэв Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болбол Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд тавих Конгрессын хяналт нэмэгдэж, түүний бодлоготой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломж өргөжих юм. Харин Бүгд найрамдах нам олонхоо хадгалбал Трамп татварын хөнгөлөлт, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх зэрэг бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх илүү таатай нөхцөлтэй үлдэнэ.