Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын даргын суудлаа алдсанаар улс төрийн замнал нь дууссан уу

Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын даргын суудлаа алдсанаар улс төрийн замнал нь дууссан уу

Хотын дарга асан Х.Нямбаатар өнөө цагийн цахим орчны гол дүр болжээ. Түүний нэр бүхий хэвлэлүүдтэй байгуулсан гэх гэрээтэй холбоотой мэдээлэл, өөрийнх нь тушаалаар “шударга бусын хонгил”-оор чирүүлсэн гэх иргэний мэдэгдэл гээд тэр өөрөө сошиал орчны нэг дүр болов. Ингээд олон нийт зөв, буруу, бурхан, чөтгөр хэмээн талцаж байна.

Угаасаа ганц үг газар гээж үзээгүй Х.Нямбаатар ч мэдэгдэл хийсээр. Хамгийн сүүлд цахим орчинд хийсэн мэдэгдлээрээ тэрбээр Ерөнхий сайд руугаа дахин ноцжээ. Энэ удаа тэрбээр “Н.Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм. Харин намайг намнах ажилдаа гарамгай юм” хэмээв.

Гэхдээ нөхцөл байдлыг ажиглавал “Зул бөхөхийнхөө өмнө бадамлана” гэдэг дүр зураг л ажиглагдаж байна.

"ТУСГАЙ АНГИЙН 22.1.3 ДАХЬ ХЭСЭГ НЬ ХҮНДРҮҮЛСЭН БҮРЭЛДЭХҮҮНД ХАМААРДАГ УЧИР 5-12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БОЛНО"

Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатарыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнийг "Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор яллагдагчаар татан шалгаж байж болзошгүй байна. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг холбогдох байгууллагаас мэдээлсэн. Хэрэв түүнийг гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар эсвэл бүх насаар хасаж, хорих ял шийтгэнэ. Мөн энэ тусгай анги нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хүндрүүлсэн бүрэлдэхүүнд хамаардаг учир 5-12 жилийн ял оноож болно.

"Х.НЯМБААТАРЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ МАГАДГҮЙ БАЙНА"

Үүнийг ч Х.Нямбаатар мэдээд урьдчилан зугтаасан байж болох юм. Учир нь тэрбээр Хотын даргын албан тушаалаасаа буусныхаа дараахан Канад улс руу сурах нэртэй алга болсон. Харин өдгөө түүнийг Интерполоор эрэн сурвалжилж магадгүй гэх асуудал ч яригдаж байна.

"НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР Х.НЯМБААТАРЫН ОРОНД Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЖ МАГАДГҮЙ"

Нөгөө талд түүний улс төрийн нөлөө бүхий албан тушаалуудын нэг болох Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудал ганхаж байна. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 16-нд МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, арваннэгдүгээр сарын 6-нд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг товлосон. Тус хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргын асуудлыг хэлэлцэж, Х.Нямбаатарын оронд Б.Пүрэвдагвыг томилж магадгүй. Монгол Ардын Намын дүрмийн дагуу намын дарга нь Ерөнхий сайд байх зарчимтай. Мөн нийслэлийн Засаг дарга Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллах нь зүйтэй гэх улс төрийн жишиг бий. Энэ хүрээнд удирдлагын өөрчлөлт яригдаж байгаа бол Х.Нямбаатарын нам доторх байр суурьд ч нөлөөлөх нь гарцаагүй. Өдгөө Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэрээ дэвшүүлэхээ илэрхийлж байна. Харин Х.Нямбаатарын гэгдэх СХ, ЧД-ийн Засаг дарга нарыг огцруулах шийдвэрийг МАН-ын тэргүүлэгчид гаргасан. 

Ингэснээр Х.Нямбаатарт НИТХ-ын төлөөлөгчийн статусаас өөр улс төрийн байр суурь үлдэхгүй байх нөхцөл үүсэж мэднэ. Цаашилбал, түүний эрх мэдэл, албан тушаал, улс төрийн замнал төгсгөл рүүгээ ойртож байна гэж харж болохоор байна. Учир нь ирэх УИХ-ын сонгуульд МАН-аас Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх нь ч эргэлзээтэй. Өдгөө намын дотоод зөрчил хурцдаж, Засгийн газрыг огцруулах асуудал ярьж буй хүмүүсийг намаас хөөнө хэмээн МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдэгдэж буй. Намын дарга ч энэ байр сууриа илэрхийлсэн. 

"Х.НЯМБААТАР НАР Н.НОМТОЙБАЯРЫН ТЭРГҮҮЛДЭГ ҮНДЭСНИЙ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИХ ТОХИРОО ХИЙЖ ЭХЭЛСЭН"

Харин МАН-ын цөөнх гэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар Н.Номтойбаярын тэргүүлдэг Үндэсний эвслээс нэр дэвших тохироо хийж эхэлсэн гэх яриа улс төрийн хүрээнд гараад байна.  УИХ-ын сонгуульд мөнгө, нэр дэвшигчийн танигдсан байдал, нэр дэвшиж буй нам зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь үнэн. Гэхдээ Х.Нямбаатарт итгэж сонгох иргэн хэд бол. Түүнийг цахим орчинд уншиж, бичиж буй чимээгүй олонхын хэд нь үнэхээр дэмжиж, хэд нь шүүмжилж байгааг тогтоох боломжгүй. Гэвч цахим орчинд өрнөж буй маргаан, түүний нэр холбогдсон асуудлууд олон нийтийн итгэлд хэрхэн нөлөөлж байгаа нь улс төрийн хувьд анхаарах асуудал мөн.

Товчхондоо, Х.Нямбаатарын улс төрийн нөлөө хумигдаж, эрх мэдлийн хүрээ нь улам нарийсах дүр зураг харагдаж байна. Хотын даргын суудал үгүй болж, нам доторх байр суурь нь ганхаж, ирэх сонгуульд нэр дэвших боломж нь ч бүрхэг болжээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө