СУРВАЛЖИЛГА: Монголд байгалиараа нутагшдаггүй 20 гаруй ховор амьтныг “Selva” орчиндоо байршуулж, үйлчлүүлэгчдэдээ үзүүлж байна

СУРВАЛЖИЛГА: Монголд байгалиараа нутагшдаггүй 20 гаруй ховор амьтныг “Selva” орчиндоо байршуулж, үйлчлүүлэгчдэдээ үзүүлж байна

Нийслэлийн хөл хөдөлгөөн, утаа униар, өдөр тутмын нэгэн хэвийн хэмнэлээс түр ч болов ангижрах шинэ орон зайг Чингис хаан музейн зүүн талд, Сүхбаатар дүүргийн зургаадугаар  дугаар хороонд “Selva Exotic Zoo Bar” нээжээ. Хаалгыг нь татан ормогц л хотын соёлын энгийн нэгэн лоунж биш, халуун орны ширнгэн дунд хөл тавьсан мэт содон мэдрэмж төрнө. Шилэн хоргоны цаана үл хөдлөх хааны питон могой биеэ цагираглаж, нөгөө талд үлэг гүрвэлийн үеийн төрхийг хадгалсан аллигатор хазагч яст мэлхий (Alligator Snapping Turtle) усан дотор аажуухан хөдөлнө.

Энэ бол Ц.Ренчин болон түүний хоёр найзын багын хобби, нандин сонирхлоос урган гарсан, Монголын энтертайнмент үйлчилгээний салбарт цоо шинэ өнгө төрх нэмж буй “Сэлва” экзотик амьтдын бар, лоунж юм.

ВИДЕО:

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЗҮГЭЭР НЭГ КОФЕ БАЛГАЖ, ХООЛ ИДЭХ БУС, АМЬТАН БҮРИЙН ӨВӨРМӨЦ ЗАН АВИР, БИЕИЙН БҮТЭЦ, ӨНГӨ ЗҮСНИЙ ЗОХИЦЛЫГ МАШ ОЙРООС АЖИГЛАН СУУДАГ-

Бидний өдөр тутамдаа хардаг гэрийн тэжээвэр амьтдаас тэс өөр, зөвхөн National Geographic эсвэл байгалийн тухай баримтат киноноос л алсын холоос тольддог байсан 25 гаруй төрлийн ховор экзотик амьтад энд нэг дор цуглажээ. Ц.Ренчин нөхдийнхөө хамт энэхүү орчныг бүрдүүлэхдээ зөвхөн бизнес хийхийг урьтал болгосонгүй. Харин өөрсдийн хайрлаж, шимтдэг тэрхүү нууцлаг, ер бусын ертөнцийг Улаанбаатарын залууст бодитоор мэдрүүлэх, танин мэдэхүйн гүүр болохыг зорьсон нь сурвалжлагын явцад бэлхнээ анзаарагдаж байв. Лоунжийн танхимд ара тоть чангаар дуугарч, хажууханд нь үзэсгэлэнт гүрвэлүүд орчноо тандан хөдөлгөөнгүй ширтэх нь ирсэн зочдын сониуч занг өөрийн эрхгүй хөдөлгөнө. Энд ирсэн үйлчлүүлэгчид зүгээр нэг кофе балгаж, хоол идэх бус, амьтан бүрийн өвөрмөц зан авир, биеийн бүтэц, өнгө зүсний зохицлыг маш ойроос ажиглан суудаг байна.

Энэ газрын хамгийн том давуу тал нь амьтдыг зөвхөн үзмэр төдий хадгалах биш, хүсвэл тэдэнтэй аюулгүйгээр “танилцах” боломжийг олгодогт оршино. Туршлагатай ажилтнуудын зааварчилгаа, хяналтын дор зочид питон могойг хүзүүндээ ороож, хөөрхөн сурикат (meerkat) буюу цөлийн харуул амьтдыг илж, хооллох боломжтой.  Дэлгэцийн цаанаас хол хөндий харагддаг байсан амьд биетэд хүрч, түүний зүрхний цохилт, арьсны ширүүн бүтэц, амьд дулааныг мэдрэх тэрхүү агшин хүмүүст байгаль дэлхийг өөрөөр харах сэдэл өгдөг нь лавтай. Үйлчлүүлэгчид ч холын улс орныг зорилгүйгээр өөрийн хотдоо ийм ховор амьдралын хэв маягтай танилцаж, шинэ мэдлэг хуримтлуулж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа хуваалцаж байлаа.

-“СЭЛВА”-ГИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ЗӨВХӨН ТЭНД ХЭДЭН ТӨРЛИЙН АМЬТАН БАЙГААГААР БУС, ТЭДГЭЭР АМЬТДЫН АМЬДРАХ ОРЧНЫГ ХЭРХЭН ЧАНАРТАЙ ХАМГААЛЖ, ЗӨВ АРЧИЛЖ БАЙГААГААР НЬ ХЭМЖИХ УЧИРТАЙ-

Экзотик амьтдыг тэжээж, олон нийтэд үзүүлнэ гэдэг зүгээр нэг гоёл чимэглэл, интерьер дизайны шийдэл биш юм. Амьтан бүр өөр өөрийн гэсэн байгалийн нарийн хэрэгцээ, уур амьсгал, чийгшил, хоол тэжээлийн өвөрмөц дэглэмтэй амьд биетүүд билээ. Тиймээс “Сэлва”-гийн үнэ цэнийг зөвхөн тэнд хэдэн төрлийн амьтан байгаагаар бус, тэдгээр амьтдын тав тух, эрүүл мэнд, амьдрах орчныг хэрхэн чанартай хамгаалж, зөв арчилж байгаагаар нь хэмжих учиртай. Гурван найзын хоббигоос эхэлсэн энэхүү санаачилга нь залууст байгалийн олон янз байдлыг таниулаад зогсохгүй, амьтныг хайрлах, тэдний өмнө хариуцлага хүлээх соёлыг Улаанбаатарын зүрхэнд суулгаж буй энэ байлаа.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө