Цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрөн, нуурын мөсний нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргажээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн болон дунд зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгаа ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байхыг анхаарууллаа. Иймд мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл зорчих хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах, автомашинтай зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.