Хөвсгөлийн МАН иргэдийн үнэмлэхийг хураан авч намдаа элсүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байна гэв

Хөвсгөлийн МАН иргэдийн үнэмлэхийг хураан авч намдаа элсүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байна гэв

-ИРГЭД РҮҮ ЗАЛГАН РЕГИСТРИЙН ДУГААРЫГ БҮРТГЭЖ БАЙНА-

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс /2020.05.25/ эхлэн мөрдөгдөж байна. Үндсэн хуулиа өөрчилснөөс хойшхи анхны сонгууль сарын дараа болно. Ирэх сарын 2-ны өдрөөс /2020.06.02/ нэр дэвшигчид албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлэх бол санал хураалт 24-ны өдөр болох юм.

Гэтэл нэр бүхий нам, эвслүүд сонгуулийн хуулийг зөрчиж сошиал орчинд хуурамч хуудас ажиллуулан бусдыг гүтгэн доромжилж, харлуулах, өөрийнхөө үйл ажиллагааг сурталчлах зэрэг үйлдэл гаргасаар байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар /ШӨХТГ/, Мэдээлэл, харилцаа холбооны газар, Сонгуулийн ерөнхий хорооноос уг асуудалд эхнээс нь арга хэмжээ авах буюу хууль зөрчиж ажилласан 30 фэйж хуудсыг хаахаа мэдэгдсэн.

Үүнээс гадна нэр бүхий нам, нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдэлд Сонгуулийн ерөнхий хороо анхаарал тавихгүй бол хөл, хорионы үеэр иргэдийг олноор цуглуулан уулзах, өөрсдийгөө сурталчлах зэргийг хийсээр байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн МАН иргэдээс иргэний үнэмлэхийг хураан авч регистрийн дугаарыг нь бүртгэж эхэлж буй талаар тус аймгийнхан олон нийтийн сүлжээнд бичжээ.

Тэдний БИДЭНД ӨГСӨН МЭДЭЭЛЛЭЭР зарим иргэдийн утасны дугаар руу залгаж регистрийн дугаарыг нь асуусан байна. Яг юунд ашиглах нь тодорхойгүй ч намдаа элсүүлж байж магадгүй гэх мэдээллийг өглөө. Мөн өөрийн хорооны 15 хүнийг авчирвал 500 мянган төгрөг өгнө ч гэж хэлсэн. Судалгаа авч байгаа нэртэйгээр гэр бүлийн гишүүдийнх нь утасны дугаар, регистрийн дугаарыг нь авч байна гэх гомдлыг мэдүүлсэн юм.

Иргэдийн хэлж буйгаар тус аймаг дахь МАН-аас дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байна гэсэн юм.

УИХ-ын 2020 оны сонгуульд тус аймагт МАН-аас Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нэр дэвшиж байгаа билээ.