Ж.Эрдэнэбат АТГ-аас найман сар зугтан байж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан уу

Ж.Эрдэнэбат АТГ-аас найман сар зугтан байж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан уу

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэмт буруутайг нь тогтоон, 2019 оны есдүгээр сарын 19-нд яллагдагчаар татах тогтоол гаргасан ч хэрэгжилгүй өдийг хүрсэн талаар эх сурвалжид дурджээ. “Учир нь Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ ашиглаж, найман сарын турш АТГ-ын холбогдох ажилтнуудаас зугтан, яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зуралгүй өдийг хүрсэн” гэжээ. Ингээд Ж.Эрдэнэбат АТГ-аас найман сар зугтан байж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ МАН-ын бага хурлаас авсан гэж тодотгожээ. 

-ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ГАРААД ГУРВАН САР БОЛСОН ТАЛБАЙГ ХУДАЛДАН
АВААД, ЗУРГААН САРЫН ДАРАА ДАХИН ШИЛЖҮҮЛСЭН ҮҮ-

Учир нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн найз “Алтай Констрашкн”-ын Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэдэг. Тодруулбал, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр-2” нэртэй .... тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна. Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/69 хувийн харьцаатай эзэмшдэг аж. Сонирхолтой нь, нүүрсний нөөц бүхий 1463 га-г хамардаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ердөө 5 сая төгрөгөөр худалдан авч. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу үнэн дүнгийн 30 хувь буюу 1.5 сая төгрөгийг нь улсад тушаасан гэдэг. Уг талбайн зөвшөөрөл 2017.09.26-ны өдөр албан ёсоор гэрчилгээгээ авсан. Гэрчилгээ авснаас хойш гурван сарын дараа ийнхүү зарагдсан байдаг. Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин зургаан сарын дараа /2018.07.05/ зарсан. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн сайн найз Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө нэг сая төгрөгөөр зарсан байдаг.

-ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛД “ӨӨРТӨӨ БОЛОН БУСДАД ДАВУУ БАЙДАЛ
БИЙ БОЛГОХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ НОТЛОГДСОН” ГЭЖЭЭ-

Нийслэлийн прокурорын газраас гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд, “Улсын Их хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Засгийн газрын 256 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газарт авсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, тосон бумбын нурууны хилийн заагт давхцалтай тусгай зөвшөөрлийг цуцлах, нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгохдоо стратегийн ач холбогдол бүхий орд газрын талбай үнэлгээг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын босго үнэ буюу 1 га талбайг 4500 төгрөгөөр бодож нийт 6,587,190 төгрөгөөр үнэлж “Элбэг-Орд” ХХК-д олгуулах, нөхөх олговор олгохдоо 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн үйлчлэлд орсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай дээрх асуудал огт хамааралгүй журмыг үндэслэл болгосон улмаар стратегийн ач холбогдол бүхий орд газарт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс 69 хувь, өөрөө 31 хувь эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, найз нөхдийн хамааралтай “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шинээр үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д шилжүүлэн, тухайн талбайгаас гарсан ашигт малтмалыг хувааж авахаар тохиролцож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэжээ.

-ЯЛЛАГДАГЧ Ж.ЭРДЭНЭБАТЫГ АЛБАДАН ИРҮҮЛЭХ ШҮҮХИЙН
ШИЙДВЭР ГАРАВ-

Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлээд байна гэж Шүүхээс мэдээлсэн.