БАРИМТ: “Хан талст” ХХК-тай гэрээ байгуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэрийг албаныхан дурдсангүй

БАРИМТ: “Хан талст” ХХК-тай гэрээ байгуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэрийг албаныхан дурдсангүй

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /ҮЦХ/-гийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ долоо хоногийн Лхагва гарагийн орой гарсан.

Харин энэхүү хэрэгтэй холбогдуулж ҮЦХ-ийн газрыг хэн өгөв, хорио цээрийн хязгаарлалтай энэ үед хүүхдүүд яагаад олноороо явав гэдэг асуудал гарч эхлээд байна. 

Харин хэрэг явдлын дараахан /2020.05.27-ны өдрийн орой/ НЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дарга Л.Эрдэнэчулуун нар мэдээлэл хийсэн, энэ үеэр тэрээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан талст” компанид 3.3 га газрыг олгосон” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл ҮЦХ-ийн газраас 3.3 га газрыг “Хан талст” компанид олгосон гэх асуудалд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэр ч яригдаж эхэллээ. Учир нь тэрээр 2014 оны үед тус газрын захирлаар ажиллаж байсан юм. Улмаар “Хан талст” ХХК-д газар ашиглах зөвшөөрлийг Э.Бат-Үүл 2014 оны зургадугаар сарын 26-нд өгсөн бол, долдугаар сарын 18-ны өдөр “Хан талст” ХХК-тай газар ашиглуулах гэрээг Б.Саранчимэг хийж байжээ. Ингээд тус гэрээ Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд бүртгэгдэж, есдүгээр сарын 2-нд, зураг, төсөл хийлгэх үйл ажиллагааг зөвшөөрсөн албан бичгийг ҮЦХ-ийн тухайн үеийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхэд хүргүүлж байсан байна.

Гэтэл хэрэг явдал гарсан өдрийн орой НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нарын хийсэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэрийг дурдагдаагүй юм. 

Газар ашиглуулах гэрээ

Сонирхуулахад, Хотын дарга асан Э.Бат-Үүл энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин тус аймагт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар МАН-аас нэр дэвшиж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвших мандатаа МАН-аас дахин аваад байгаа юм.