СУРВАЛЖИЛГА: Улсын төсвийн 30 сая төгрөгөөр бүтсэн гулсуур хүүхдийн аминд хүрэх дөхжээ

СУРВАЛЖИЛГА: Улсын төсвийн 30 сая төгрөгөөр бүтсэн гулсуур хүүхдийн аминд хүрэх дөхжээ

Зургадугаар сар гарч зуны улирал эхэлсэн ч хүүхэд багачууд жилд ганц удаа тохиох эрхийн өдрөө хүссэнээрээ баярлаж чадсангүй. Өнгөрөгч даваа гараг буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 15-р хорооны 23-р байрны ард байрлах тоглоомын талбайд савлуур нурж 12 настай хүүхдэд ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Эрхээ хамгаалуулах ёстой өдрөө хүү эмээтэйгээ гадаа тоглож байгаад бэртэж эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Түүний тоглож байсан гулсуур, савлуур бүхий нийлмэл тоглоомыг сул хайрган дээр хангалттай суурилуулаагүйн улмаас савлуур нурж хүүхэд дээр унасны улмаас осол гарчээ.

Бид олон жил хүүхдийн эрхийг хамгаалъя, хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд торних ёстой гэж ярьсаар ирсэн.  Гэтэл өнөөдөр хамгийн наад захын жишээ болох хүүхдийн тоглоомын талбай дээр өдөр бүр бидний анзаардаггүй олон аюул, эрсдэл дунд хүүхдүүд өсөн торниж байна. Бид дээрх хэрэг болсон газарт болон ойр орчимд байх хүүхдийн тоглоомын талбайгаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

-ХЭЗЭЭ МӨДГҮЙ НУРААД УНАХ ТОГЛООМУУДААР
ХҮҮХДҮҮД ТОГЛОСООР БАЙНА-

Хүмүүсийн нэрлэж заншсанаар 3,4-р хорооллын дэлгүүрүүдийн ард олон жил болсон хуучны байрууд бий. Тус байрнуудын гадаа тоглоомын талбай ч бий. Гэхдээ бидний хамгийн эхэнд харсан 26-р байрны гадаах газраас бэхэлгээгүй савлуурыг дээр нь том том чулуу тавьж аргацаасан дүр зурагтай байлаа. Хамгийн ноцтой нь түүгээр хүүхдүүд тоглож байхтай таарав. Үүний дараагаар дээрх хэргийн газарт очиход аль хэдийн нурж унасан савлуур, газраас бэхэлгээгүй байсан тоглоомуудыг аваад явчихсан байлаа. Үлдсэн хэдэн хуучны төмөр тоглоомуудыг газраас бэхэлсэн эсэх нь эргэлзээтэй. Хугархай сандал, хагарсан усан оргилуур, бэхэлж түгжээгүй тоглоомууд, ил задгай цахилгааны утас гээд анзаараад үзвэл аюултай зүйлс цөөнгүй байх аж.

Бид албаны эх сурвалжаас мэдээлэл авах зорилгоор БГД-ийн 15-нд хороонд очсон боловч ажлын цагаар тэнд хүн байсангүй. Цааш явж иргэдээс СӨХ-ийн байршлыг асуухад сонгуулийн сурталчилгаанд ажиллаад завгүй бужигналдах иргэд тэр талаар мэдэхийг ч хүсэхгүй байлаа. Ач хүүгээ салхилуулж явсан иргэнээс болсон явдлын талаар учирлаж асуухад цочирдон халаглаж “ Тийм аюултай зүйл болсон гэж мэдсэнгүй. Энэ тохижилтын ажлыг хийж байхад нь би цонхоор хараад бодож л байсан юм. Энэ тоглоомыг чинь тавиад нэг их удаагүй шүү дээ. Чанаргүй тоглоом ийм аюултай” гэв. Энэ мэт оршин суугчид Сууц Өмчлөгчдийн Холбоо буюу өөрсдийн төлөөлөл болдог байгууллагаа хаана ч байдгийг нь мэдэхгүй аж төрж байна.

-30 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТЭЙ ГУЛСУУР, ТОХИЖИЛТЫН
АЖИЛ ХЭДЭН ЖИЛИЙН НАСТАЙ ВЭ -

Ослын талаар анх олон нийтэд мэдээлэл хүргэж энэ хэргийн талаар бичлэг хийсэн оршин суугч, иргэн Н.Отгонбаярын мэдээлснээр тус талбайд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийн төсвөөр хийсэн бүтээн байгуулалт ердөө хоёр сарын дараа ийнхүү эвдэрч хүүхэд гэмтээсэнд бухимджээ. Тэрээр цахим орчинд тавьсан бичлэгтээ “ Би энд 30 жил амьдарч байна. 32-р байрны СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн. Энд хэдхэн саравч будаж, сандал тоглоом тавьчхаад 30 сая төгрөгийн төсөв зарлагдсан. Анх ажил хийгдэж эхэлж байхад нь асуухад нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа ажил өөрчлөх боломжгүй гэсэн. Саяхан УИХ-ын гишүүн Лүндээжанцан тойрогт хуваарилагдсан зардал нэрээр 10 сая төгрөгийн гулсуур тавьсан. Асуудал юундаа байна вэ гэхээр Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн гэдэг хүмүүс өөрсдөө төсөвтэй. Хийж байгаа ажлаа оршин суугчдаасаа асуулгүй, чанаргүй ажил хийж байна.

Гэмтсэн хүүгийн аавтай ярьсан. Таньдаг хүний хүүхэд байж, одоо гэмтлийн эмнэлэгт хөдөлгөөнгүй хэвтэрт байгаа, хагалгаа хийж таарах юм шиг байна гэсэн” гэв.

Зураг: Өөр нэгэн тоглоомын талбайд тохижилт хийж буй хүмүүс: бид аль болох хүүхэд бэртэхээргүй сайн бэхэлж, суурьлуулж байгаа гэв

Иргэдийн мэдээллийн дагуу бид цааш шинээр тохижилтын ажил хийгдэж байгаа 13-р байрны гадаах тоглоомын талбайд очиж гүйцэтгэгч “Чингисийн төгөл” барилгын компанийн менежер Д.Тэрбишээс дараах зүйлсийг тодрууллаа.

Тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэх нарийн стандарт байдаг уу. Заавал зөөлөвчтэй байх гэх мэт шаардлага бий юу?

Тодорхой нарийвчилсан стандарт байхгүй. Бат бөх л байвал болно. Мэдээж суурилуулалт хамгийн чухал бетон хийж байж суурилуулахгүй бол шороон дээр, хайрган дээр тогтохгүй.

Гүйцэтгэл хийх эрхээ хаанаас, ямар шалгуураар авдаг юм бэ. Санхүүжилт нь хаанаас гарч байгаа вэ?

Нээлттэй зарлагдсан тендерт өрсөлддөг. Дүүргээс зураг төслөө гаргаад хийх хүсэлтэй компаниудын саналыг аваад сонгодог. Ихэнхдээ хамгийн хямдаар хийхийг л сонгодог учраас өрсөлдөөн ихтэй. Санхүүжилт нь бас дүүргээс гардаг.

Хийж гүйцэтгэсэн ажлыг хэн хүлээж авдаг вэ. Хороо, СӨХ-той гэрээ хэлэлцээр хийдэг үү?

Дүүрэг, хороо, СӨХ-ийн төлөөллүүд оролцож, хяналтын инженер гэдэг хүн шалгаж хүлээж авдаг.Хяналтын инженер хийж байх үйл явцад байнга ирж хяналт тавин ажилладаг.

Тоглоом, талбайд эвдрэл гарсан тохиолдолд хэн засаж өгдөг үү?

Анх гэрээ хийхдээ баталгаат хугацааны гэрээ хийдэг. Манай байгууллагын хувьд хоёр жилийн баталгаат хугацаа олгодог. Хүлээлгэж өгснөөс хойш чанаргүй тоглоом тавьсан бол бид өөрсдөө хариуцлагыг нь хүлээнэ.

Энэ мэт хэн хариуцдаг нь тодорхойгүй олон сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн ажлын “золиос” нь хүүхдүүд болж байна. Амьдарч буй орчноо анзаарч хараагүй иргэдийн буруу юу, хийсэн ажилдаа анхаарал хяналт тавиагүй хүмүүсийн буруу юу.

-МОНГОЛД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН ДҮРЭМ,
СТАНДАРТ МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА-

Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар есөн стандартыг тогтоосон байдаг. Монгол улс 2019 оны хоёрдугаар сард Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагыг баталсан байдаг.

“Энэхүү стандарт нь нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах 6 сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавихад хамаарна” гэж заажээ. Гэвч бидний очсон хороолол орчмын дөрвөн тоглоомын талбайн алинд ч эдгээр ерөнхий шаардлагуудыг ч бүгдийг нь хангасан талбай байсангүй. Алхам тутамд аюул отож буй нийгэмд, ядаж гэрийнхээ гадаа амар тайван тоглох хүүхдийнхээ эрхийг хамгаалцгаая.