180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг Фэйсбүүк компанид хүргүүлээд байна

180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг Фэйсбүүк компанид хүргүүлээд байна

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зохицуулалт бий болж журмыг баталсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид цахим орчинд гурван хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно.

Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас , цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас /фэйсбүүк, твиттер, инстаграм/, бусад цахим хуудас байх юм.

Энэ талаар ХХЗХ-ны хэлтсийн дарга Т.Батболд "Сонгуулийн тухай хуулийн 47.3 болон Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын 6.2.3-т зааснаар нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудсаар болон бусад цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх ёстой. Энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цахим орчин дахь олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк орчин дахь цахим хуудас, нэр дэвшигчийн аккаунтыг Фэйсбүүк компанид хүргүүлж тодорхой хэмжээний хамгаалалтад авч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн фэйсбүүкийн цахим хуудас, хаягийг  Фэйсбүүк компанид хүргүүлээд байна. Тэгэхээр тухайн хуудас, хаягууд нь тодорхой хамгаалалтад ороод явна гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 250 орчим мэдээ, мэдээллийн веб сайтад нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл болон эрх бүхий байгууллагаас гаргасан сонгуультай холбоотой мэдээ мэдээллийн дор сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой нийтлэх тухай албан бичиг хүргүүлжээ.

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг зөрчвөл хувь хүн 5 сая, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулна.

Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа явуулж буй веб сайтууд дээр дурдсан  зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэйг дахин хэлье. Уг журамд Зөрчлийн тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэсэн хоёр байгууллага хяналт тавьж ажиллах юм” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим орчинтой холбоотой ШӨХТГ-ын улсын байцаагчийн 32 дүгнэлт ирснийг фэйсбүүк компанид хүргүүлж, холбогдох хууль бус контентыг устгах, пэйж хаягуудыг хязгаарлах арга хэмжээг авчээ.

 

Эх сурвалж: www.polit.mn