Хөлбөмбөгчид Улсын онцгой комисст 20 сая төгрөгийн үнэ бүхий хандив өргөв

Хөлбөмбөгчид Улсын онцгой комисст 20 сая төгрөгийн үнэ бүхий хандив өргөв

Монголын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооноос хүртсэн нийгмийн хариуцлагын “Dream Asia Awards”-ийн шагналын мөнгөөр 3 давхар хамгаалалт бүхий амны хаалт, иж бүрэн хамгаалалтын хувцас, зайнаас халуун хэмжигч зэрэг нийт 20 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийг авч УОК-т хандив болгов.

Лхагва гарагт МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд ерөнхийлөгч А.Ганбаатар,МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд, МХБХ-ны ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгч, АХБХ-ны Нийгмийн хариуцлагын хорооны гишүүн Ч.Мөнхзул , АХБХ-ны тоглолт зохион байгуулагч С.Жаргал нар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж хандивын дээжийг гардуулав.

Уг уулзалтын үеэр АХБХ-ны Дэд ерөнхийлөгч А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн ололт амжилтууд, тун удахгүй хийх олон улсын тоглолтууд, ирээдүйд гаргах боломжтой амжилтууд, үндэсний шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны II шатанд шалгарч, Азийн АШТ-д оролцох боломжтой байгаа нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. Тэр ч үүднээс шигшээ багийн тоглогчдыг тогтмол бэлтгэлтэй байлгах чухал тэмцээнүүд болох хөл бөмбөг болон футзалын дээд лиг, хөл бөмбөгийн нэгдүгээр лигийг үзэгчгүй зохион байгуулах хүсэлт тавьж, зөвшөөрөл хүслээ. Мөн МХБХ тивийнхээ шилдэг холбоодтой мөр зэрэгцэн өрсөлдөж, тэргүүлэх байр суурьтай болон нийгмийн хариуцлагаа сайтар хэрэгжүүлдэг холбоо гэж үнэлэгддэг тул АХБХ-ноос дэмжлэг авч эх орондоо хэрэгтэй, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон ажил хийж байгаагаа танилцууллаа. Тухайлбал АХБХ-ны Ерөнхийлөгч Шэйх Салманы дэмжлэгтэйгээр 79 дүгээр дунд сургуулийн талбайг шинэчлэх, хувцас солих байр барих ажил хийгдэж  есдүгээр сард дуусахыг мэдээлж нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урив. Мөн АХБХ-ны дэмжлэгтэйгээр МХБХ, МУЗН хамтран дунд сургуулийн биеийн тамирын багш нар, өсвөрийн багийн дасгалжуулагч нар анхны тусламжийн цуврал сургалтыг зохион байгуулж буйг танилцуулав.

Эцэст нь 2019-2020 оны хичээлийн жилд Унгарын хөл бөмбөгийн нэр хүндтэй Пушкаш академид суралцан амжилттай төгссөн 15 настай Г.Буяннэмэх, Э.Саруул нар цар тахлын улмаас Будапешт хотод байгааг уламжлахад Шадар сайд Ө.Энхтүвшин дараагийн тусгай үүргийн нислэгт хөл бөмбөгчин хүүхдүүдийг багтаан авчирна гэв хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.