SOS: Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ

SOS: Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ

-О.АМАРТҮВШИН: СОНГУУЛЬ ДУУСАХТАЙ ЗЭРЭГЦЭН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАН
МАШ ХҮНД ҮЕТЭЙ НҮҮР ТУЛНА-

Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газрын шийдвэр байгаа олж эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхгүй байна. Нөхцөл байдал бидний таамаглаж байснаас дордсон. Цаашид ч улам дордохоор байна. Эдийн засгийн хүндрэлийн үеийн зөв арга хэмжээ авах, төсөв мөнгөний бодлогыг зөв бүрдүүлэх хэрэгтэй. Сонгууль дуусахтай зэрэгцээд долдугаар сард бизнесийн салбарынхан маш хүнд үетэй нүүр тулах гэж байна.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид бизнесийн орчинд гурван удаа судалгаа явуулсан. Эхний судалгаагаар нийт бизнесийн судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 57 хувьд нь маш их нөлөөлж байсан. Харин хоёр дахь судалгаагаар 67 хувь, сүүлийн судалгаагаар 73 хувь болж өссөн. Өнөөдөр Монголын 10 бизнес эрхлэгчийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндэрч, зах зээлд бодитой хямрал аль хэдийнэ үүсээд эхэлчихсэн” гэж ярьжээ.

Мөн Н.Энхбаяр тэргүүтэй эдийн засагчид улсын төсөв улайсч эхэлсэн учраас Засгийн газраас яаралтай зөв бодлогыг даруйхан авч хэрэгжүүлэх ёстой гэсэн байр, суурийг илэрхийлсээр байна. Тэд Төв банк нэг хувиар бодлогын хүүгээ бууруулсныг хангалтгүй хэмээн дүгнэж төсвийн орлогын төлөвлөгөө нь 1.6 их наяд төгрөгөөр тасарсан, зарлага нь хэвээрээ байгаа нөхцөлд төсвийн алдагдал нэмэгдэх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр төсвийн данс нэлээд улайссан гэдэг нь тодорхой гэж байна. Тиймээс Засгийн газрыг зарлагаа танах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Ганц жишээ дурдахад, манай төсвийн орлогын 25, экспортын 83 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт хүндрэл гарч өмнөх шиг нүүрсээ хэвийн хэмжээгээр гаргаж чадахгүй байгаа нь өнөөдөр долларыг 2825 төгрөгтэй тэнцэхэд хүргэж, улсын төсвийг тасрахад нөлөөлж байна.

Улсын төсөвт 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар баталсан. Үүний 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого, 3.5 их наяд төгрөгийг импорт, 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого, 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна. Гэтэл эхний дөрвөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 276 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

-МӨНГӨ ТАРААСАН Ч УЛСЫН ТӨСӨВ 10.7 ХУВИАР АГШСАН-

Засгийн газраас зах зээл рүү бэлэн мөнгө нийлүүлэхд анхаарч хүүхэд бүрт 100 мянган төгрөг, малчдад ноолуурын 20 мянган төгрөгийн урамшуулал болон хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг нэмсэн ч үр ашгаа төдийлөн өгч чадсангүй. Харин ч эсрэгээрээ манай эдийн засаг 10.7 хувиар агшссан байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийг агшина хэмээн таамаглажээ.  

Энэ хэрээр аж, ахуй нэгжүүд хаалгаа барьж ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ. Мөн дагаад банкин дахь чанаргүй зээлдэгчдийн тоо өснө. Чанаргүй зээлдэгчид өсч байна гэдэг нь арай хийж дундаж давхарга руу орсон иргэдийг буцаад ядуучуудын эгнээ рүү чирнэ гэсэн үг юм. Цаад уршиг нь нийгмээр нь хөмрөхөд хүргэнэ.

Тэгэхээр Засгийн газраас эдийн засгийн өргөн хүрээтэй зөв бодлогыг хэрэгжүүлэхгүй бол хэдэн удаа ч мөнгө тараагаад нэмэргүй нь.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хэлж буйгаар хувиараа бизнес эрхэлдэг 10 хүн тутмын 9 ийнх нь ганхаж байна. Ажилгүйдлийн түвшин огцом өсөж, дотоодын хөрөнгийн зах зээл 300 тэрбум орчим төгрөгөөр агшсан байна.  2020 оны эхний таван сард ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчид өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.5 хувиар өсөж, 9.4 мянга болжээ. Энэ бол ажилгүйдлийн эгнээ тэлж буйн бодит жишээ. Мөн 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон наад захын хэрэгцээгээ худалдан авах чадваргүй болжээ. 

Тав хоногийн дараа сонгууль болно. Улс төрчид өнөөдөр сайхан амлалт хэлж бүх зүйл болж, бүтэж буй мэтээр ярьж, хоорондоо үзэлцэх зуурт эдийн засаг улам хүндэрсээр байна. Харин сонгууль дууссаны дараа яах вэ. Засгийн газар нөхцөл байдлыг илүү хүндрэхээс илүү ухаантай арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий боллоо. Ямартай ч сайхан ярьж байгаад сонгуулиа хийчихье гэж улс орноо хорлохоо болино уу.