Д.Ганзориг: Бидний бүтээсэн коронавирусийн оношлуур мэдрэг чанар өндөр, илүү хурдан оношлох боломжтой

Д.Ганзориг: Бидний бүтээсэн коронавирусийн оношлуур мэдрэг чанар өндөр, илүү хурдан оношлох боломжтой

Коронавирусийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн олон сарын судалгааны үр дүнд “Ковид-19”-ийн PCR шинжилгээнд ашигладаг оношлуурын бүрдэлд багтах чухал хэсгийг Монголдоо амжилттай үйлдвэрлэсэн талаар өчигдөр мэдээлсэн. Энгийнээр хэлбэл PCR төхөөрөмжид коронавирусийг илрүүлэхийн тулд үүнд оношлуур гэх бүтээгдэхүүн гаргадаг байна. Оношлуур нь таван бүрдэл хэсэгтэй бөгөөд үүний гурвыг нь эх орондоо хийх боломжийг бий болгожээ. Харин РНХ ялгах цомог болон БЦХПГУ-ын гинжин урвалыг Монголд хийх нөхцөл бололцоо байхгүй аж. Энэхүү судалгааны ажил хэзээнээс эхэлж, ямар хүмүүсийн оролцоотойгоор амжилттай болсон, эх орондоо хийх нь ямар ач тустай талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Ганзоригтой ярилцлаа.

-Хэдэн хүн энэ ажилд оролцсон юм бэ?

-Энэхүү ажлын үндсэн гишүүд бол ХБНГУ Мюнхений ТИС - ийн Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч Д.Нямбаяр болон МЭХ - ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Болдбаатар нар юм. Миний бие энэ ажлын нарийн бичгийн даргаар ажилласан. ЭМЯ - ны Төрийн нарийн бичгийн дарга бол ажлын хэсгийг ахалж ажилласан. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн гэсэн гурван газрын тоног төхөөрөмж дээр суурилж энэхүү ажлаа хийлээ.

-Энэ ажлыг хэзээнээс санаачлан эхлүүлсэн бэ. Чухам яагаад энэ ажлыг эхлүүлэх болов?

-Хоёрдугаар сард анх Японоос оношлуур ирлээ гээд баярлаад байж байсан шүү дээ. Тухайн үед У.Нямбаяр энэ талаар твиттертээ “гаднаас юм гуйж авч байхаар бид өөрсдөө ч хийчхэж болно” гэх утгатай зүйл хийсэн байхыг хараад би холбогдож ярилцаад Монголд хийх боломж бололцоо байгаа эсэхийг судалсан. ХӨСҮТ-ийн лаборатори их ачаалалтай, Мал эмнэлэгийн хүрээлэн ачаалал багатай аюулгүйн зэрэглэл өндөртэй учраас ажлаа хийх боломжтой гэж үзээд ЭМЯ-ны сайдад саналаа хүргүүлж ажлын хэсэг нээсэн. Энэ ажлыг олон улс болон ард иргэдийн хандивын тусламжтай хийсэн. Манайхаас гадаад улс оронд цөөнгүй эрдэмтэд ажилладаг ч эх оронтойгоо харилцаатай ажилладаг нь ховор. Энэ удаад У.Нямбаяр маань бодитоор хамтарч энэ ажлыг хийлээ. Цаашдаа ч бас ингэж болно шүү гэдгийг бусдадаа харууллаа.

-Туршилт баталгаажуулалтаа хэрхэн хийсэн бэ?

-Ковид-19 өвчний коронавирус тодорхойлох оношлуур бүтээх, турших, баталгаажуулах ажлын хэсэг 2020 оны тавдугаар 23 - ны өдөр ХБНГУ - аас захиалан авчирсан оношлуурын бүрдэл хэсгүүдийн эхний шатны баталгаажилтыг хийсэн. Уг баталгаажилтын явцад праймер проб, дотоод эерэг болон сөрөг хяналтын бэлдэц тээвэрлэлтийн явцад чанараа алдсан эсэх, ПГУ машин дээр ажиллаж, таньж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулсан. Оношлуурын хоёр дахь шатны баталгаажилтыг 2020 оны зургадугаар сарын 04 - ний өдөр Мал эмнэлгийн хүрээлэн дээр хийж амжилттай үр дүнг сонссон. Оношлуур бүрэн ажиллаж байна.

-PCR шинжилгээнд багтах чухал хэсгийг гаргаж авснаараа ямар давуу талуудыг бий болгож байна вэ?

-PCR төхөөрөмж Монголд одоогоор 6-7 ширхэг байгаа. Үүнд таарсан оношлуурыг анх БНХАУ гаргаж үүнээс хойш Япон, Герман гэх мэт цөөн тооны томоохон улсууд гаргасан. Энэхүү оношлуур нь хүний биеэс коронавирусийг генийн кодыг унших хэлбэрээр таньж илрүүлдэг бол одоо Ковид-19 вирус өөрчлөгдөж оношлуурт илрэхээргүй далд хэлбэртэй болсон. Дээрх улсуудын хийсэн оношлуурыг бид авч ашиглаж байгаа ч үүнээс илүү таних чадвартай оношлуурыг гарган авлаа гэсэн үг юм.

-Судалгаа шинжилгээгээ хэрхэн хийсэн юм бэ?

-Ковид-19 вирусийн талаар бүх мэдээллийг ДЭМБ-ийн мэдээллийн санд нээлттэй болгосон байгаа. Бусад орнуудын хийсэн судалгааны ажлууд нээлттэй учраас бид харж байгаад өөрсдөдөө хэрэгтэй бэлэн материалыг авч ашигласан. Ерөнхийдөө энэ ажил маш том лаборатори, хүчин чадал шаардсан ажил учраас зөвхөн томоохон улсууд хийсэн байдаг. Манай улсын хувьд энэ бараг боломжгүй зүйл гэж хэлж болно. Бид өөрсдөдөө тохирсон оношлуур бүтээхэд тодорхой хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй байсан. Азаар Герман улсад яг энэ чиглэлийн ажлын хэсэгт ажиллаж байгаа монгол эрдэмтэн У.Нямбаяр бидэнд зааварчилж оношлуурын бүрдэл хэсэг болох “вирус тээвэрлэх шингэн”-ий түүхий эдийг Германаас авчирснаар эх орондоо хийх боломжтой болсон.

-ГЕРМАН УЛСЫН ХИЙСЭН ОЛОЛТ НЭЭЛТИЙГ МОНГОЛДОО ЯВУУЛСНААР ЭНЭ БОЛОМЖ НЭЭГДСЭН-

-Монгол улсад ямар ашигтай вэ?

-Бидний боловсруулсан оношлуур одоо ашиглаж байгаа оношлуураас мэдрэг чанар илүү өндөр учраас илүү хурдан оношлох боломжтой. Энэ нь цаг хугацааг хэмнэж байгаа юм. Монголд ажиллаж байгаа бүх PCR төхөөрөмж дээр ажиллахаараа давуу талтай. Мөн гаднаас импортоор оруулж ирж байгаа оношлуураас хэд дахин хямд тусна. Олон улсад нэр хүндтэй болж байгаа зэрэг аль ч талаасаа бидэнд ашигтай ажил болж байгаа юм.

Ажлын хэсгийн бүтээсэн оношлуурын бусад оношлуураас ялгагдах шинж чанарууд:

  1. Оношлуурын өвөрмөц чанар өндөр: ковидыг тодорхойлох оношлуурууд ихэнхдээ 2 шатлалтай, эхний шатанд бүх төрлийн оронавирусийг тодорхойлох дараагийн шатанд кoвид - 19 өвчний коронавирусийг тодорхойлдог бол манай улсын оношлуур нь нэг шатлалаар ковид - 10 на коронавирусийг тодорхойлдог. Шинээр бүтээсэн оношлуур нь ковид - 19 оей коронавирус өвөрмөц оношлуур юм .
  2. Оношлуурын мэдрэг чанар хамгийн өндөр: Шинээр бүтээсэн оношлуур нь "Хуурамч сөрөг хариу гарахаас сэргийлэхэд чиглэсэн бүрдлүүдтэй учир шинжилгээг олон давтан хийх шаардлага гарахгүй юм
  3. Богино хугацаанд хариу нь гарна: Манай улсад одоо ашиглаж байгаа оношлуурын хариу гарах хугацаа дунджаар 5 цаг байгаа бол шинээр бүтээсэн оношлуурт нийтдээ 2 цаг зарцуулна
  4. Манай улсад ашиглаж байгаа бүх төрлийн ПГУ тeхeeрeмжинд тохирно: Манай улсад Герман, Япон, Хятад улсын ПГУ төхөөрөмжүүд байна Оношлуурын праймер проб болон урвалжууд эдгээрт өөр өөр байдаг. Шинээр бүтээсэн оношлуурыг нэмэлт тохиргоо шаардахгүйгээр эдгээрт бүгдэд нь ашиглах боломжтой
  5. Стандарт арга зүйн удирдамж, аргачлал нь ашиглахад хялбар: Оношлуур бүр өөр өөрийн аргачлал заавартай байдаг бeгeeд хэрэглэхэд зарим нь төвөгтэй байдаг. Шинээр бүтээсэн оношлуурт тохируулан бидний боловсруулсан стандарт арга зүйн удирдамж нь эдгээрээс хэрэглэхэд хялбар учраас техник алдаа гарахаас сэргийлнэ.
  6. Хямд үнэ өртептэй байх боломжтой: Хэвлэлд байгаа мэдээгээр нэг хүнийг оношлох зардал манай улсад 110 000 165 0007 - ийн өртөгтэй байна. Шинээр бүтээсэн оношлуурын зардал энэ үнээс хямд үнэ өртөгтэй байх боломжтой.

-Одоо энэ ажлаа хэзээнээс бодит хэрэглээнд нэвтрүүлэх вэ. Ямар нэг зөвшөөрөл авах шаардлагатай юу?

-Бид хийчихлээ гээд эргэлзэх хүн олон бий. Итгэж байгаа хүмүүс ч бий энэ эргэлзээг тайлах ганц зүйл бол Стандарт Арга Зүй (SOF)-г Монгол хэл дээр маш сайн боловсруулж ДЭМБ-д хянуулна. Ингээд хянуулаад боломжтой гэж үзвэл бусад орнуудын адил нээлттэй мэдээллийн санд манай боловсруулсан ажил тавигдана гэсэн үг. Түүнийхээ өмнө богино хугацааны туршилтыг ХӨСҮТ-тэй хамтран хийнэ.

-Ажлын хэсгийн дараачийн зорилго, төлөвлөгөө юу байна вэ. Вакцин гарган авах дээр ажиллах уу?

-Вакцин хийнэ гэж хэлж чадахгүй. Учир нь маш их өндөр хүчин чадалтай техник технологи, хүч шаардсан ажил. Гэхдээ магадгүй вакцин гарчихвал бас өөр аргаар эх орондоо хийх боломжийг судална.