Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар хүн нэмж өвчлөөгүй, өнгөрсөн хугацаанд нийт 175 хүн эдгэж гарсан

Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар хүн нэмж өвчлөөгүй, өнгөрсөн хугацаанд нийт 175 хүн эдгэж гарсан

ЭМЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Дэлхий дахинд Covid-19-ийн халдварын тохиолдол 10 саяд хүрлээ. Covid-19-ийн цар тахлын тохиолдол зургаан хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна. Дэлхийн дахинд 1.7 тэрбум хүн Covid-19 өвчлөх магадлалтай гэсэн тооцоог АНУ, БНХАУ-ын эрдэмтэд гаргажээ. Тэр дундаа 65 –аас дээш насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх магадлалтай гэжээ.

Манай улсын хувьд өчигдөр /2020.06.27/ ажиглалтад 7 хүн нэмж орсон бол 3 хүн ажиглалтаас гарчээ. Одоогоор 2136 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн цэргийн төв эмнэлэгт 93 хүн эмчлүүлж байгаа бгөөөд гол төлөв ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс аж.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 27-ны өдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад коронавирусийн 219 тохиолдол батлагдсан. Үүнээс 175-г нь эдгээж, эмнэлгээс гаргалаа.

Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ 81 хүн хянагдаж буй бөгөөд бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэв.