Б.Тунгалаг: Хүнсний дэлгүүрийн агуулахад хоёр нялх хүүхэдтэйгээ амьдарч байсан залуу гэр бүл маш өрөвдөлтэй байсан

Б.Тунгалаг: Хүнсний дэлгүүрийн агуулахад хоёр нялх хүүхэдтэйгээ амьдарч байсан залуу гэр бүл маш өрөвдөлтэй байсан

Монгол Улсад УИХ-ын сонгууль болж өндөрлөсөн ч цар тахал, эдийн засаг, гадаадад гацсан иргэдийн асуудал өндөрлөсөнгүй үргэлжилсээр байна. Тэд “Гадаадад гацсан монголчууд” группт нэгдэн эсэргүүцлээ илэрхийлж, тус тусынхаа гацсан улс оронд жагсаал цуглаан хийж буй ч тэдний тэмцэл үр дүнгээ өгөхгүй байсаар УИХ-ын найм дахь сонгуулийг өнгөрөөсөн.

Харин энэ хугацаанд гадаадад гацсан монголчууд бие биедээ өөрсдийн чадах хэмжээгээрээ туслан дэмжиж, эх орныхоо хилийг нээтэл бүсээ чангалан тэмцсээр байна. Энэ удаад бид Турк улсад 76 настай ээж, хоёр бяцхан ачийн хамт таван сар гаруй хугацаанд гацаад буй Монгол улсын иргэн Х.Тунгалагтай холбогдож, нөхцөл байдлынх нь талаар ярилцлаа. Тэрээр өөрөө хүний нутагт гэр бүлийн хамт, хүнд нөхцөлд байгаа хэдий ч тусламж хэрэгтэй байгаа нутаг нэгтнүүддээ тусалж, тэдний дуу хоолой болон, эх орныхоо хил нээгдэхийг тууштай хүлээсээр байгаа нэгэн. Түүний монголд хариуцаж байсан ажил нь халдвараас болж бүтэлгүйтэн, олон хүний өмнө  хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж чадалгүй хувийн амьдралд нь их гарз хохирол учирсан ч энэхүү хөл хорионоос маш их үнэ цэнэтэй ухаарал, нигүүсэл, хүнээ хайрлах сэтгэл, тэсвэр тэвчээр олж авч байгаа хэмээн бидэнд ярьсан юм.

-ЭХ ОРОНДОО ЭРСДЭЛ ТЭЭЖ  ОЧИХГҮЙ ГЭЖ 5 САР ГАРУЙ ХУГАЦААНД ТЭССЭН-

-Сайн байна уу. Одоогоор хаана хөл хорионд байгаа вэ? Нөхцөл байдлынхаа талаар хуваалцаач?

-Сайн байна уу. Би одоогоор Туркд хөл хорионоос болж тав дахь сардаа гацчихаад байгаа юм. Анх хүүгээ Кипрт их сургуулийн тэтгэлэгт хамруулах зорилгоор энд ирээд цааш явах өдөртөө хил хаагдаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан.

-Тэгвэл одоо хүүтэйгээ хоёулаа хөл хорионд байгаа гэсэн үг үү?

-Үгүй ээ. Тэр үед би 76 настай ээж, 4 настай хоёр ач мөн хоёр том хүүтэйгээ гээд нийт зургуулаа ирсэн. Ээжийгээ болж өгвөл жилд нэг удаа гадаад орон, сайхан байгаль үзүүлэх гэж авч явдаг л даа. Тэр маягаараа л ээжийгээ Турк улсыг үзүүлэнгээ зорьсон зорилгоо бүтээгээд буцъя л гэж зорьсон юм.

-Танай гэр бүл өнгөрсөн хугацаанд хэдэн удаа буцах хүсэлтээ гаргасан бэ?

-Манай гэр бүл одоогоор тусгай үүргийн онгоцоор явах албан ёсны хүсэлт гаргаагүй . Бидэнд удах шаардлага байгаагүй ч коронавирус дэлхийд маш хурдацтай тархаж тэр чинээгээрээ дэлхийн улс орнууд маш эрчимтэй хатуу арга хэмжээ авч эхэлсэн. Манай улсад эхний тохиолдол франц хүнээс илэрсэн үетэй зэрэгцэн Туркд ч мөн халдвар гарч, маш хурдтай тархаж эхэлсэн юм. Тэр үед манай улсаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ маш их зөв үр дүнтэй санагдан төр засгийн шийдвэрүүдийг хүндэтгэн дэмжиж байсан. Дэлхий даяараа айн сандарч байх үед цөөхөн ард түмэнтэй  улс орон маань дотооддоо амар амгалан, халдварт өвчин тарчихгүй байгаасай гэж өдөр бүрийн ЭМЯ-ны мэдээг хэрэг болгон үздэг байсан.

-Танай гэр бүл эрсдэл тээж эх орондоо ирэхийг хүсээгүй гэсэн үг үү?

-Тиймээ. Тийм л учраас 5 сар хүртэл бид  дуугүй тэвчсэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Тэр битгий хэл анхлан “хилээ нээгээч, биднийг аваач”  гэж сошиалаар хүсэлт шаардлага тавьж байсан хүмүүсийг ч буруутган зэмлэж байсандаа тэднээс уучлалт гуймаар байна. Өөрөө үзэх зовлонг үзээгүй байж бусдын туулж байгааг ойлгоогүй өөдөөс нь “амиа бодлоо, яах гэж явсан юм” гэж хэлж байсан хатуу харгис үгээ одоо би эргүүлээд өөрөө сонсож байна. Ийм л учраас би эх орондоо буцах гэж хүний газарт алхам мөч бүр аюул тахал дунд амь тэмцэн тэсцгээж байгаа Монгол иргэдийнхээ дуу хоолой болохоор шийдсэн юм. Одоо нөхцөл байдал Гадаадад түр хугацаагаар ирсэн монгол иргэдийн хувьд үнэхээр хэцүү өдөр хоногоор биш цаг мөчөөр улам дордсоор байна.

-Хэзээнээс байдал бишдсэнийг ойлгосон бэ. Гадаадад байгаа Монгол иргэдийнхээ дуу хоолой нь болохоор шийдэж эхлээд ямар арга хэмжээ авсан юм бэ?

-Түр богино хугацаагаар ирсэн иргэдээс гадна урд жилүүдэд ажлын гэрээтэй ирсэн Монголчууд ч хөл хорионоос үүссэн ажилгүйдэл түүнээ дагасан эдийн засгийн хүндрэл гээд  тэд ч гэсэн нутаг руугаа буцах хүсэлтэй болсон байна. Би тавдугаар сарын эхний 10 хоногоос  ингээд байж болохгүй юм байна гэж харж эхэлсэн. Бид ч мөн ганцхан сар болоод буцахаар төлөвлөсөн байсан учраас хоёр сар болоход л буцах тийзнийхээ мөнгө рүү орж, санхүү бол үндсэндээ хасах руугаа орж эхэлсэн.

-ЖИНХЭНЭ ХАЛДВАР, ХАМГААЛАЛТ, ХӨЛ ХОРИО ГЭДГИЙГ ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД Л ЖИНХЭНЭ УТГААР НЬ МЭДЭРЧ БАЙНА-

-Одоогоор танай гэр бүлийнхнээс нэг ч буцаагүй байгаа юм уу. Туркэд одоогоор нөхцөл хэр байна?

-Манайхаас хэн ч буцаагүй ээ. Чартер нислэгээр буцна гэвэл манайх нийт 23 сая төгрөг шаардлагатай болж байсан харин одоо бидэнд энэ мөнгө байхгүй болсон. Туркд анхнаасаа маш хатуу, дайны байдалтай хатуу хөл хорио тогтоосон. 65-аас дээш, 20-иос доош настангууд одоо ч халдвар өвчлөл,  нас баралт ихтэй хотуудад гэрээсээ гарах эрхгүй байгаа. 20-65 насны иргэд 7 хоногтоо нэг  удаа ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ авах эрхтэй байсан. Одоо манай байгаа хотод халдвар өвчлөл бага болсноос үүдэн 5 сарын дундаас хөл хориогоо султган 7 хоногт хүүхэд хөгшид 2-4 цаг гарах эрхтэй болсон. Гэхдээ маск, бээлий өмсөж, 1.5 -3 м хоорондын зай барих хатуу анхааруулгатай. Зөрчвөл маш өндөр торгуультай амьдарч байна. Жинхэнэ халдвар хамгаалалт, хөл хорио гэдгийг гадаадад энэ үед түгжигдсэн байгаа Монголчууд л жинхэнэ утгаар нь мэдэрч дагаж мөрдөж сурцгаасан.

-Танай гэр бүл одоо хаана амьдарч байгаа юм бэ. Байр хөлсөлж байгаа юу?

-Тиймээ, хамаг мөнгөө шавхсан. Монголд байгаа гэрээсээ зарж болох юмнуудаа цувруулж зараад, хүний газарт бүгд гудманд гарчихгүй, эднийгээ өлсгөж цангаахгүйг л хичээж байна даа. Эхлээд хүний газарт туршлагагүйдэж үнэтэй байранд 50 хоносон. Нүүе гэсэн ч хатуу хөл хорионд ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй байсан.

-Одоо буцах хүсэлтээ ч өгөхгүй байгаа юм байна. Яагаад гэвэл зардал бол маш өндөр байгаа шүү дээ. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?

-Бид Монгол Улс иргэддээ хилээ нээхийг л хүлээж байна.Тэгвэл ээжээсээ эхлээд цувраад ч гэсэн Монгол Улсын Засгийн Газраас зөвлөсөнчлөн зээлээд, өр тавиад ч болтугай явуулна гэж бодож байгаа. Мөн их хэмжээний мөнгө олдохгүй тул томчууд нь хүссэн хүсээгүй хүний нутагт үлдэж,  ажил хийж зардалаа босгон буцах л төлөвлөгөөтэй байна даа. Манай засгийн газараас ямар ч тодорхой цаг хугацаа заасан шийдвэр төлөвлөгөө байхгүйгээс бүх гадаадад түгжигдсэн хүмүүс хэзээ, яаж, явахаа мэдэхгүй байр, хоол, виз сунгалтанд хамаг мөнгөө зарцуулж харанхуйд төөрсөн амьтад шиг л байсаар доод тал нь 5 түүнээс дээш сараар маш хүнд байдалд байцгааж байна. Бид  хүний нутагт хамгийн ихээр эрүүл мэндээ л хамгаалах үүрэгтэй гэдгээ бүгд ухамсарласан байдаг учир эрүүл мэндийн үйлчилгээ ч маш үнэтэй тусаж байна. Хамгийн сүүлд л гэхэд ээж бид хоёр эмэгтэй хүмүүс болгонд байдаг жаахан үнэт эдлэл буюу алт монетон хослолуудаа зарж одоо байгаа арай хямд байрныхаа гурван сарын төлбөрийг барьцаатай нь төлсөн гэх жишээний л өөрсдийгөө аргалж байна.

-Туркэд ч мөн олон монголчууд гацчихсан байгаа гэсэн. Та бүгд жагсаал, цуглаан хийж байсан?

-Тэгсээн. Туркэд миний тооцоолсоноор одоо 500-аад буцах хүсэлтэй хүмүүс байгаа дэлхий даяар одоогийн байдлаар буцах хүсэлт өгөөгүй болохоос яг бидэн шиг хүлээж байгаа иргэд маань багаар бодоход л 12 мянга байна. Би зөвхөн Туркд гэлтгүй бүх улс оронд түгжигдсэн Монголчуудтайгаа холбоотой байдаг болсон. Бүр байргүй, хоол хүнсний мөнгөгүй болсон, залуу гэр бүл ганц нэгээрээ цэцэрлэг гудманд яваа хүнд байдалтай хүмүүс маш олон болсоор байна.

-ЭХ ОРОНДОО БУЦАНХ ӨӨРИЙН СУУДЛАА БУСДАД ӨГСӨН ТОХИОЛДОЛ
АМЕРИКАД  ХОЁР УДАА ГАРСАН-

-Гадаадад гацсан монголчууд маань энэ хүнд үед нэг нэгэндээ жаахан ч гэсэн туслъя гээд их хичээцгээж байгаа харагдсан. Солонгос улсад нэгэндээ эх оронлуугаа буцах онгоцны суудлаа хүртэл өгсөн тохиолдол гарсан. Таны хувьд  ч бас хүмүүст тусалсан тохиолдол байгаа шүү дээ. Энэ талаар?

-Тиймээ, тэр тохиолдол Америкт ч бас хоёр удаа гарсан. Бас Монголоос ч бидний байдлыг ойлгож сэтгэл санааны болон санхүүгийн жаахан ч гэсэн усламж үзүүлэх хүмүүс, хамт олон нэмэгдсээр байгаад би болон Гадаадад Түгжигдсэн Монголчууд маш их талархалтай байгааг хэлмээр байна. Жишээ нь, Турк улсад ажлын гэрээгээр ирээд коронавирусийн улмаас авчирсан компани нь санхүүгийн хүндрэлд орсноор 5 сараас хойш байргүй,  хоол хүнсний мөнгөгүй  болсон нэг гэр бүл байсан. Тэр гэр бүл сайн санаат гадны хүний тусаар нэгэн жижиг дэлгүүрийн арын агуулахын өрөөнд 3 болон 5 насны хоёр жаахан хүүхдийн хамт амьдарч байсан. Анх тэр залуу гэр бүлтэй энэ шугамаар судалгаа хийж байгаад санаандгүй холбогдсон юм. Энэ хүнд үед өөрийн зүгээс хангалттай тус үзүүлж чадахгүй дэмий сэтгэлээ зовоож байсан ч хотын төвд байгаа элчин консул болон Монголчуудаа бараадья гэсэн тэдний хүсэлтийг яаж ийгээд л биелүүлэхээр оролдсон. Тэр үед одоо Монголд хүмүүст адлагдаад байгаа “Гадаадад Гацсан Монголчууд Нэгдсэн Хөдөлгөөн”-ий тэргүүн Э.Одбаяртай холбогдон байдлыг тайлбарласнаар “Папарараци.мн” өөр хэд хэдэн нам хөдөлгөөний залуус нэгдэн яаралтай  хандив цуглуулж тэднийг Истанбул хот руу хүргэсэн.  Одоо тэд маань бас нэг адилхан зовлонтой нутаг нэгтнийдээ түр толгой хоргодон, буцах боломж гарахыг хүлээн харсаар байцгааж байгаа даа. Бүх юм хоёр талтай байдаг гэдэг дээ. Миний хувьд Монголд хариуцаж байсан ажил маань халдвараас болж бүтэлгүйтэн, маш олон хүний өмнө  хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж чадалгүй хувийн амьдралд маань маш их гарз хохирол учирсан ч би эндээс маш их үнэ цэнэтэй ухаарал, нигүүсэл, хүнээ хайрлах сэтгэл, тэсвэр тэвчээр олж авч байгаадаа талархаж байна.

-МОНГОЛД БАЙГАА ГЭРЭЭСЭЭ ЗАРЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛСЭЭ
ЗАРААД Л ТЭСЦГЭЭЖ БАЙНА -

-Тэр гэр бүл махны дэлгүүрийн агуулахад амьдарч байсан юм уу. Ямархуу нөхцөл байдалтай байсан бэ?

-Тиймээ,  чухам “ямар дэлгүүр юм харуулаач” гэх зориг надад хүрээгүй ээ. Байгаа өрөөг нь харахад л миний хувьд  маш хэцүү, уйлмаар санагдаж байсан.  3, 5-хан настай бяцхануудаа чимээгүй, томоотой бай гарч болохгүй,  хаалга руу битгий оч оо гээд л үнэхээр ямархуу хэцүү байдалд байгаа нь холбогдоод ярих хагас цаг илүү хугацаанд л нүдэнд илхэн байсан. Би өөрөө ээж бас эмээ хүн. Мэдээж тэд над шиг л чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэмцэж, тэссээр ирсэн байх. Өөрсдийн улс орныхоо иргэдэд энэ олон сараар цалинг нь өгч, ажлын байрыг нь хадгалж, өөрийнхөө болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд хүртэл тэтгэмж өгч байгаа энэ улсад бүх ажил хаалттай байхад хулгай дээрэм хийхгүй л юм бол өөр ямар аргаар аргалаад наанаа байж бай эсвэл өөрсдөө өр зээл тавиад, чартер нислэгийн нугалсан, өндөр үнэ төлөөд ирвэл ир, ирэхгүй бол яана уу, ийнэ үү өөрсдөө мэд гэдэг улс орон, элэг нэгтэн энэ дэлхийд манай Монголоос өөр алга.

-Мэдээж та бүгд сонгуулиа өгч чадаагүй байх. Энэ удаагийн сонгуулийг юу гэж харж, дүгнэж байгаа вэ?

-Өгөөгүй ээ. Би хуульч хүний хувьд энэ коронавирусээр далимдуулан гаргасан Монгол Улсын шийдвэр журам дүрэм бүхэн, мөн хилээр гарахад нь хориглоогүй байж гэртээ, эх орондоо буцах эрхийг хууль бусаар зөрчсөн маш том Хүний Эрхийн зөрчил, хэлмэгдүүлэлт, буруу бодлого,  шийдвэр байлаа гэж харж дүгнэж байна. Бид энэ бүх Үндсэн Хуулиар олгогдсон 14.16.18-р заалтууд болон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаар баталгаажин хамгаалагдсан эрхүүдээ зөрчүүлэхдээ “Сонгох Эрх”-ээ бас маш бүдүүлгээр хасууллаа. Бид өөрсдийн буруугаас сонгууль болох үед хилийн гадна байсан юм биш шүү дээ.  Хэрэв Засгийн Газар нь хилээ хааж, түгжээгүй бол бид бүгд Монгол Улсын үндсэн харьяат,  тодорхой хаягт оршин суудаг бүртгэлтэй иргэд байсан. Манай гэр бүлийн хувьд л гэхэд дөрвөн хүн сонгох Эрхээ бүдүүлгээр зөрчүүллээ. Дашрамд хэлэхэд би уг нь барьцах, бусадтай мөчөөрхө,х атаархах зангүй хүн.  Гэвч шударга, адил тэгш байх хуулийн заалттай Монгол Улс хилийн чанадаас сонгогдох эрхийг нь олгочихоод сонгох эрхийг нь хассандаа  ямар тайлбар  өгөх бол? Энэ маш сонин байгаа.

-ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛЬ НИЙГМИЙН ХҮССЭН СОНГОЛТ
БОЛЖ ЧАДААГҮЙ-

-Таны хувьд энэ сонгуулиас юу хүсч хүлээж байв? Ямар хүнийг дэмжиж байсан бэ?

-Бидэнд одоо гомдох, бухимдах бол энгийн л зүйл болсон. Бид ахиад жаахан удахад амь насаа алдах, харьд харлах нь харлаж ,хүссэн хүсээгүй харь улсад хүчээ өргөн цыган шиг амьдрах ёстой болгочихлоо. Бидний хувьд  ХУД-т хуульч Эрхэмбаатарыг  дэмжиж гэр бүлээрээ тэр хүнд саналаа өгөх байсан. Энэ сонгуулиар миний бас сошиалд идэвхитэй байдаг хүний хувиар харахад нийгмийн ч хүссэн сонголт байж чадсангүй гэж харж байна. Би нам бус, улс төр сонирхдоггүй ч эрүүл, зөв шударга, хүн ард нь амар амгалан ажиллаж, ажилласныхаа хирээр амьдардаг, засгын шийдвэр хууль ёс нь бүх иргэддээ дарга цэрэг гэлтгүй тэгш үйлчилдэг, ялгаваргүй  нийгэмд амьдарч, үр хүүхэддээ сайхан нийгэм , сайхан ирээдүй, сайхан эх орон, дэлхийн хөгжилтэй хөл нийлсэн ирээдүйг л үлдээхийг хүсдэг жирийн нэгэн эмэгтэй.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу? Хоёулаа яриагаа ингээд өндөрлөе.

-Би энэ засагт зоиулж хэлэх үг байна.  Бид Монгол Улсыг дэлхийн жишигт нийцсэн хөгжил дэвшилтэй Хүнлэг Ардчилсан нийгэмтэй Улс гэгддэггүй бил үү ? Улс орон бүрт иргэн бүр үнэ цэнэтэй, дотоод ч гадаад ч байсан бүх иргэддээ ижил тэнцүү эрх үүрэг эдлүүдэг, хайрладаг, хамгаалдаг гэдгийг дэлхий даяараа харуулж байна. Дэлхий даяараа улс орон болгон хүнийхээ үндсэн хуулиараа Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаар баталгаажсан эрхүүдийг нэн түрүүнд биелүүлдэг байхад Монгол улс ганцаараа иргэдийнхээ бүх үндсэн эрхүүдийг өөрсдөө зөрчөөд зогсохгүй ард иргэдээ хоёр хувааж талцуулан, улс орныхоо нэгдмэл байдлыг хангах үндсэн үүргээсээ зөвхөн намын эрх ашигт нийцүүлэн, үзэл  сурталын хохирогчид болгосоор байх уу гэж асуумаар байна. Эцэст нь иргэддээ хандан эргэцүүлэн бодож, харьцуулан дүгнэж байж бусдыг шүүмжилж байгаарай.  Бусдыг өөрийнхөө оронд тавьж үзээд, яг ийм үед  өөрийнхөө ямар байх, юу хийх, юу хэлэх, ямар үйлдэл гаргах байсан бол гэж ганцхан удаа ч гэсэн бодоод дараа нь биднийг буруутган зүхээрэй гэж хэлье дээ.  Зүрхнийх нь оронд чулуу, сэтгэлийнхээ оронд мөстэй хүмүүс битгий болоорой Монголчууд минь гэж хэлье. Бид улсаасаа хүнийхээ эрхийг эдлэх боломжгүйгээ удаа дараагийнхаа оролдлогоор нотолсон  учраас одоо хүч, боломж, мэдлэг чадвар бүхнээ нэгтгэн Дэлхийд  бид хүн нь гэдэг дээрээ төвлөрөн,  өөрсдийн зөрчигдсөн эрх ашгуудаа хүн төрөлхтөн улс орон болгоны сонорт хүргэн, НҮБ-ын болон бүх Хүмүүнлэг ,Олон Улсын байгуулагад хандаж, Олон Улсын Шүүхээр Эрхүүдээ хамгаалуулахаар нэгдмэл байр сууринд нэгдэж, зорилгодоо хүрэхээр ажиллаж эхэлсэнээ ч дуулгах нь зүйтэй гэж үзлээ. Ярилцлага авсан танай сайтад баярлалаа. Анхаарал тавин унших хүн бүхэнд баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа. Эх орондоо хурдан ирэхийг хүсэн ерөөе.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө