Гучин-Ус сумын удирдлага дуудсаны дагуу СОНГУУЛИА өгөхөөр явсан оюутнууд осолд орж, үхэл, амьдралын заагт тэмцэж байна

Гучин-Ус сумын удирдлага дуудсаны дагуу СОНГУУЛИА өгөхөөр явсан оюутнууд осолд орж, үхэл, амьдралын заагт тэмцэж байна

Өвөрхангай аймгийн Гучин Ус сумын удирдлагуудын шууд бусаар оролцсон байх магадлалтай үйлдлийн буруугаар дөрвөн сайхан залуу зам тээврийн осолд орж, хоёр нь үхэл, амьдралын заагт амь тэмцэн байна. Тэд амьд үлдсэн ч хөл дээрээ босч чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж буй талаар ар гэрийнхэн нь өнөөдөр нулимсаа дуслуулан ярьж байгаа юм.

Уг харамсалтай хэрэг явдлыг тодруулбал, Гучин Ус сумын удирдлагууд нутгийн харьяат оюутан, залуусыг “Ирж сонгуулиа” өг хэмээн дуудсан байна.

Энэ дагуу тус сумын харьяат дөрвөн оюутан энэ сарын 23-ны шөнө жижиг машинд суун нутгийн зүг явж байгаад Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот орохын наана осолд оржээ. Тэдний сууж явсан машин том оврын “Howo” маркийн машинтай мөргөлдөж, харьяаллын дагуу Хархорин сумын цагдаагийхан ирж хэргийн газарт үзлэг хийн шалгажээ.

Осолд орсон оюутнууд одоо ГССҮТ-д эмчлүүлж байна. Бид ГССҮТ-ийг зорьж осолд орсон иргэдийн ар гэртэй уулзаж болсон үйл явдлын талаар тодрууллаа. Осолд орсон хүүхдүүдийн нэгнийх нь ээж болох О.Жавзандуламыг бид олж чадсан бөгөөд охиноо ЭХО-д харуулаад гарч ирэх үед нь уулзсан юм.

-СОНГУУЛИЙН ӨМНӨХ ОРОЙ “ДАРГА ДУУДСАН” ГЭЖ ХЭЛЭЭД ХОЛБОО БАРИАГҮЙ-

-Охины тань бие гайгүй юу. Болсон үйл явдлын талаар та бидэнд ярихгүй ву?

-Гайгүй дээ. Сонгууль болсны маргааш маш хүнд байдалтай ирээд одоог хүртэл дээрдсэн шинжгүй хэвэндээ л байна. Одоо охиндоо боолт хийлгэх гэж байгаа учраас завгүй байна.

-Сонгуулиа өгөх гэж яваад осолд орсон гэсэн. Охин тань таньтай холбоо барьж “Очиж сонгуулиа өгнө” гэж өмнө нь мэдэгдсэн үү?

-Өмнө нь мэдэгдээгүй. Охин маань энэ жил л сонгууль өгөх насанд хүрч байгаа юм. Гэтэл тэр орой гэнэт залгаад “Дарга дуудсан. Би одоо хотоос гарч байна” гэж хэлсэн. Ямар унаагаар ирж байгаа юм бэ гэж асуухад сүлжээ унаад тасарсан. Учир нь би хөдөө байсан юм. Өөр дэлгэрэнгүй мэдээллийг манай дүүгээс авч болно.

Ингээд бид осолд орсон охины ээж болох О.Жавзандуламын төрсөн дүү О.Энхмаатай уулзаж дэлгэрэнгүй мэдээллийг авлаа. Тэрээр осолд орсон бусад иргэдийн ар гэрийнхэнтэй нь хамт ГССҮТ-ийн гадаа сууж байсан юм.

-Сайн байна уу.  Тэр өдөр чухам юу болсон юм бэ?

-Сайн. Сайн байна уу. Тэр өдөр сонгуулийн өдөр байсан л даа. Оройн 17:00 цагийн үед осол болчихлоо. Охин дээрээ очих хэрэгтэй байна гээд эгч ярьсан. Тэгээд эгч аймгийн төв рүү ирсэн.

-Тэр үед эгч тань осол болсныг анх яаж мэдсэн юм бол?

-Гучин-Ус сумын Засаг дарга анх хэлсэн гэдэг. Охиныгоо ярьснаас хойш өглөө болтол хүлээгээд ирэхгүй болохоор нь сумын төв орж сурагласан гэсэн.Эгч эхлээд уйлж, орилоод юу ч ярьж чадахгүй байсан. Тэгээд шууд  аймгийн төв  явсан юм билээ. Би ч Хайрхан-Дулаан сумаас аймгийн төв рүү явсан. Очиход бүгд эмнэлэгт маш хүнд байдалтай байсан.

Осолд орсон охины ээж болох О.Жавзандуламын төрсөн дүү О.Энхмаа

-МАШИНЫ УРД СУУДАЛД СУУЖ ЯВСАН УЧИР ДУХ, ТОЛГОЙН ХЭСЭГТ НЬ МАШ ИХ ШИЛ ШИГДЧИХСЭН БАЙСАН-

-Осол болох үед яг хэдүүлээ явж байсан юм бол. Ямар машинтай явж байсан бэ. Бие биенээ таньдаг хүүхдүүд байсан гэсэн?

-Жолоочтойгоо нийлээд яг таван хүн явж байсан юм билээ. Дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд. Ямар маркийн машин байсан гэдгийг нь мэдэхгүй юм. Жижиг тэрэг л байсан гэсэн. Тиймээ, тэр хүүхдүүд бүгд Гучин-Ус сумын нэг ангийн хүүхдүүд байсан. Харин жолооч нь тэр сумынх биш, аймгийн төвийнх байсан гэсэн. Улаанбаатар, Өвөрхангай хоёрын хооронд  шулуун зам дээр HOWO машинтай мөргөлдсөн байсан.

-Одоо хүүхдүүдийн биеийн байдал ямар байна. Бүгд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юу?

-Тийм ээ, осол болсны дараа аймгийн төвийн эмнэлэгт ирцгээсэн ч бүгдийнх нь биеийн байдал хүнд сонгуулийн маргааш аймгийн түргэний машинаар ГССҮТ-д хүргэгдсэн. Хоёр нь хагалгаанд орсон. Нэг нь тархины, бидний дүү охин хэвлийн хагалгаанд орсон маш хэцүү л байна даа. Элэгний бяцралттай, нэг талын мөр гэмтсэн, хоёр нүд доргилттой, дух толгой хавиар нь шил шигдчихсэн гээд үнэхээр хүнд гэмтсэн. Удахгүй нурууны хагалгаанд орно.

Мөн нэг хүүхэд нь суумгай болох магадлалтай гэсэн.

-Машины аль хэсэгт сууж явсан юм бэ. Энэ жижиг тэргийг хаанаас олж суусан юм бол?

-Хамгийн урд нь сууж явсан юм байна лээ. Мэдэхгүй энэ жижиг тэргийг хаанаас олж суусан юм бүү мэд. Уг нь манай дүү автобусаар л ирж, очдог. Чухам яагаад тэр үед жижиг тэргэнд суусан юм. Би дүүгээсээ асуухад юу ч хэлж чадахгүй уйлаад л байсан. Биеийн байдал нь ч хүнд учраас би ахиж, шалгааж асуугаагүй. Одоо бид нар Засаг даргаас асууя гэж бодож байна.Өчигдөр удирдлагууд, Засаг даргын орлогч нь ирчихсэн гэхээр нь “Хүлээж байгаарай.  Охины аавыг нь аваад очиж явна” гэж хэлээд иртэл тоолгүй яваад өгсөн.

-ЗАСАГ ДАРГА НЬ ЗАРДЛЫГ НЬ ДААГААД “ИРЖ, СОНГУУЛИА ӨГ” ГЭЖ ХЭЛСЭН БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ-

-Бидний олж мэдсэнээр сумын удирдлагууд “Сонгуули өг” гэж дуудсан гэсэн. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ, бид ч гэсэн тэгэж л ойлгож байгаа. Бидний ойлгсоноор Засаг дарга нь зардал, мөнгийг нь даагаад “Ирж, сонгуулиа өг” гэсэн болохоор хүүхдүүд л юм хойно гэртээ оччихоод ирэхийг бодсон байх. Яагаад ингэж найдваргүй унаанд суулгаж, хүүхдүүдийг эрүүл мэндээр нь хохироож байгаа юм бол. Бидний зүгээс үнэхээр гомдолтой байна. Маргааш өглөөний 08:00 цагийн автобусаар гарахад Өвөрхангайд 16:00 цаг гэхэд хангалттай очно. Түүнээс цааш Гучин-Ус сум руу  100 гаруй л километр байгаа шүү дээ. Сонгууль ч гэсэн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ бол хангалттай хугацаа.

-Охины  хувьд айлын том хүүхэд гэсэн үү?

-Тийм ээ, айлын хамгийн том хүүхэд. Доороо ой гаруй насны бас дөрвөн насны дүүтэй.

-ОСОЛД ОРСОН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦОЧРОЛД ОРЖ, ДАРАЛТ НЬ ИХСЭЭД МАШ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛТАЙ БАЙНА-

-Сумын удирдлагууд та бүхэнтэй ирж уулзсан гэсэн үү?

-Өчигдөр сумын Засаг даргын орлогч нь эмнэлэг дээр ирчихсэн гээд нөгөө хүүхдүүдийн ар гэртэй нь уулзсан байсан. Бид хэд байгаагүй юм. Учир нь охины аав наашаа гарчихсан, замд ирж явсан. Тэгээд “Хүлээж байгаарай” гэж хэлсэн боловч яваад өгчихсөн байсан.  Өнөөдөр Засаг дарга нь ирнэ гэсэн. Бид нар хүлээгээд л сууж байна. Засаг дарга ирвэл бидний хувьд ярьж, хөөрөх юм их л байна.

-Мэдээж гомдолтой байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Яагаад хүний эрүүл, саруул хүүхдүүдийг дуудчихаад найдваргүй унаанд суулгаж байгаа юм бэ. Сум, орон нутгийн удирдлагууд байж найдвартай автобус, унаанд суулгаж явуулалгүй ийм хариуцлагагүй хандаж байгаа юм гэж асуумаар байна.

-Хүүхдүүдийн ар гэрийнхний хувьд маш хүнд байдалтай харагдаж байна?

-Тийм ээ, манай дүүгийн аав, ээж хоёр нь маш дуу цөөтэй, дотогшоо хүмүүс. Би эхэндээ дүүгээ сахиж байсан ч эгч маань охиноо харахгүй бол даралт нь ихсээд, зүрх нь чичрээд байсан болохоор одоо сахиураа сольчхоод байж байна. Дээрээс нь эгч маань хөхүүл болохоор хөх нь чинэрээд мөн сэтгэл санаа нь хүнд. Бага хүүхдээ айлд орхичихсон чинь сая уйлаад байна гээд аав нь явчихлаа. Хүүхдүүд нь ч, эцэг эхчүүд нь ч хүнд байдалтай, бие биенээ тайвшруулаад л байж байна.

-Хүүхдүүдийн хувьд бүгд оюутан гэсэн үү. Хичээл нь амарчихсан, хариагүй байсан юм уу?

-Тийм ээ. Одоо хоёрдугаар курсэд орох оюутнууд юм. Хүүхдүүдийн хувьд зундаа ажил, төрөл хийцгээнэ гэж ярьж байсан юм.

-Ярилцсанд баярлалаа.

Өчигдөр 23.00 цагийн орчимд авсан мэдээллээр Гучин Ус сумын удирдлагууд ирж уулзаж амжаагүй байна. Тэд хүүхдүүдийн эцэг, эхтэй нь уулзахаар замдаа гарсан байна.

Бид тус сумын Засаг даргын орлогч н.Уртнасантай утсаар холбогдон энэ талаар тодруулахад “Бид хэнийг ч дуудаагүй. Хүүхдүүдийг дуудаагүй” хэмээн уурласан юм.