О.Магнай: 70 кг байтугай 7 гр хар тамхины хэрэгт салбарын сайд хариуцлага хүлээх ёстой

О.Магнай: 70 кг байтугай 7 гр хар тамхины хэрэгт салбарын сайд хариуцлага хүлээх ёстой

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай болон Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Оросоо нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

- БАГ, ХОРООГ БАЙХГҮЙ БОЛГОЖ СУМ, ДҮҮРГИЙГ МОНГОЛ УЛСЫН АНХАН ШАТНЫ НЭГЖ БОЛГОЖ БАЙНА-

Мэдээллийн эхэнд АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Засгийн газрын хариуцлага алдсан сайд нартай хариуцлага тооцохыг АН-аас шаардаж байгаа. Бид хууль бус үйл ажиллагааг үргэлж эсэргүүцэх болно. Өнөөдөр Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нар салбартаа гарсан хэрэгт хариуцлага хүлээх ёстой. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллага аливаа асуудалд хариуцлагатай хандах ёстой. Өнгөрсөн хугацаанд яамдуудын гадна болсон жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн тараасан. Жагсаал, цуглаан зохион байгуулах хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж иргэдийг айлгах оролдлого хийсэн. Жагсаал, цуглаан зохион байгуулах хууль нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг хангасан хууль. 2006 оноос хойш заавал зөвшөөрөл авалгүйгээр жагсаал, цулаан хийхээ мэдэгдэхэд л хангалттай болсон. Гэтэл цагдаагийн байгууллагаас мэдэгдлийг бүртгээгүй тохиолдолд жагсаал хийх эрхгүй гэж тайлбарлаж байна. Хуулийг ингэж дураараа тайлбарлаж болохгүй.  Иргэд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл жагсах эрх нь нээлттэй. ЦЕГ-ын удирдлагуудад албан ёсоор анхааруулж хэлмээр байна. Иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрх рүү халдаж болохгүй. Цаашид иргэдийн эрхийг хаан боогдуулбал эрх бүхий албан тушаалтнуудыг огцруулах асуудлыг хөндөнө” гэлээ.

Харин АН-ын хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо “Эрх баригчид үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд явж байна. Тэд 2000 онд Үндсэн хуулийн түүхэнд хараар бичигдсэн дордохын долоон өөрчлөлтийг оруулсан. Тэр өөрчлөлтийн үр дагавараар 60 тэрбумаар төрийн албыг худалдах, ЖДҮ-дийг бий болгосон. Гэтэл өнөөдөр 2000 оны долоон өөрчлөлтөөс долоон дор өөрчлөлтийг хийх гэж байна. Өнөөдрийн өөрчлөлт нь сөрөг үр дагаврыг Монгол улсад үүсгэнэ. Тиймээс олон нийт уг асуудалд анхаарлаа хандуулна. Эрх баригчид наймаа хийх зарчмаар үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна.

Парламент засгийн газрыг хянахгүй зарчим руу явж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг есөн жил болгон өөрчилж байна. Энэ бол үндсэн хуулийн авлигал. Монгол улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх гэж байна.

Сум, дүүргийг Монгол улсын анхан шатны нэгж болгоод баг хороог байхгүй болгож байна. Ингэснээр сум, дүүрэг, аймаг, нийслэлин ИТХ-ийг нэгтгэж байна. Дорнод аймгийн Халх гол сумаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч “Дорнод аймаг, Халх гол сумын ИТХ-ын төлөөлөгч”  гэж нэрлэгдэнэ. Баянзүрхээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч давхар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч болно гэсэн үг.  Үндсэн хуулийн өөрчлөлт суурь зарчимдаа нийцэх ёстой. Гэтэл үндсэн хуулийн агуулга зарчимд нийцэхгүй өөрчлөлтийг оруулсан. Наймаалцсан суурь бүтцийг эвдэх замаар үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүйц гэлээ.