СУРВАЛЖИЛГА: Нөөц багассанаар хүнсний ногооны үнэ огцом өссөн, шинэ ургацын дараа буурч магадгүй

СУРВАЛЖИЛГА: Нөөц багассанаар хүнсний ногооны үнэ огцом өссөн, шинэ ургацын дараа буурч магадгүй

Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд дээр төмс хүнсний ногооны үнэ өнгөрсөн тав хоногийн дотор огцом буюу хоёр дахин өсжээ.

Тухайлбал, зургадугаар сарын 25-нд Нийслэлийн статистикийн газрын хийсэн судалгаагаар томоохон зах, худалдааны төвүүдэд монгол төмс 1000-1200 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Бид чухам яагаад ногооны үнэ өссөн талаар Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачин Н.Наранчимэгээс тодруулахад “ Арваад хоногийн өмнөөс л үнэ нэмэгдсэн. Тариаланчид нөөц нь багасаад ирэхээрээ үнээ нэмчихдэг юм шиг байна лээ. Жил болгоны өдийд үнэ өсдөг. Хүмүүс биднийг үнэ нэмээд байгаа мэт бухимдаж байна. Яг үнэндээ бид Барс захаас аваад хэдэн зуун төгрөг нэмээд л зардаг юм. Наймдугаар сарын дундаас шинэ ургац гарснаас хэсэг хугацааны дараа үнэ буурах байх. Хятадаас ногоо оруулж ирж байгаа. Хятад, Монгол ногооны үнэ ялгаагүй болчихлоо. Ханшийн зөрүүнээс болсон уу, нарийн шалтгааныг мэдэхгүй байна. Нарийн ногоонууд бүгд Хятадаас орж ирдэг” гэв.

Цааш явж нарийн ногооны худалдагч Ц.Уянгаас БНХАУ-аас ирж буй ногооны үнэ өссөн шалтгааныг тодруулахад “ Саяхан Бээжингийн зах дээр халдвар гарснаас болж хүнсний ногооны импорт гэнэт удааширч хомстол үүссэн. Хэн өглөө эрт очсон тэр хүн авч байсан учраас үнэ нь нэмэгдсэн байх. Одоо Монгол ногоо гарч ирээд харьцангуй холимог байгаа.  Энэ жил ногооны үнэ маш их өссөн. Тариаланчид үрээ Хятад явж авдаг юм. Хил хаагдсанаас болж тэр ажил нь хойшилж, саатаад тариалалт оройтсон учир монгол ногоо бага байгаа” гэв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө