ТЦА: Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар зохион байгуулна

ТЦА: Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар зохион байгуулна

Цагдаагийн ерөнхий газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Энэ удаагийн аяныг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон ААН, байгууллагууд дэмжих оролцож байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргйилэхэд төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг  хамгаалах , аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааг харуулсан явдал гэдгийг мэдээллийн үеэр онцлов. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл хэлэхдээ “Зуны улиралд амралт, зугаалга эхэлдэгтэй холбоотойгоор орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд жолооч бус зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана” гэсэн юм.