Б.Батбилэг: Сонгуулийн үеэр улс төрчид назгайрч буйг хараад итгэл найдвар УОК-ийг хүндлэх хүндлэл үгүй болсон

Б.Батбилэг: Сонгуулийн үеэр улс төрчид назгайрч буйг хараад итгэл найдвар УОК-ийг хүндлэх хүндлэл үгүй болсон

Өчигдөр нийслэлийн төв талбайд “UB соmedy” клубын залуус “МИНИЙ ХӨГШЧҮҮЛ ОДОО БОЛИО” лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэд УОК-ийн  гаргасан шийдвэр болон коронавирусийн үед хоорондын зай баримтлах зэрэг дүрэм сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөгдөөгүй атал үйлчилгээний байгууллагуудаа нээхгүй байгааг шударга бус гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс өөрсдийн эсэргүүцэл тэмцлийг бүтээлч аргаар илэрхийлж жагсаал цуглаан бус үзүүлбэрийн урлагийг /Performance Art/ ашиглан илэрхийлсэн юм. Цагдаа нар тэдэнд сануулах хуудас өгсний дагуу тэд үйл ажиллагаагаа зогсоож цаашид соёлтой, хууль журмаа баримтлан тэмцэнэ гэдгээ хэлсэн. Бид үйл ажиллагаанд оролцсон залуусын нэг, UB  Comedy клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэгтэй Сант-Асар төвийн хоёр давхарт байрлах клубийнх нь байранд очиж ярилцлаа.

-ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЗОГСООСОН НЬ ДАЛД БИЗНЕС ХӨЛЖИХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА-

-Сүхбаатрын талбайд хийсэн үйл ажиллагааг дан ганц комедианууд бус залуусын төлөөлөл гэдэг утгаар ойлгож байна. Та бүхэн яг ямар асуудлыг эсэргүүцэж байгаа юм бэ?

-Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхнийг төлөөлж манай UB Comedy клуб, Comedy Lab клубийн залуус нэгдэж үзүүлбэр, акц хийлээ. Энэ бол УОК-ийн тодорхой бус байдлыг эсэргүүцсэн үйл ажиллагаа байлаа. Яагаад гэвэл хөл хориог үндэслэлгүй шалтгаанаар сунгаж байгаа, бизнесүүдийг ялгаварласан шийдвэрүүдийг гаргаж байгааг эсэргүүцэж байна. Сонгуулийн үеэр коронавирус байхгүй мэт болсноо сонгууль дууссан чинь бид буцаад эрсдэлд орчихсон юм шиг арга хэмжээ, шийдвэрийг авч хэрэгжүүлж байгаа нь үнэхээр шударга бус байна.

-Та бүхний зүгээс тавьж байгаа шаардлага юу вэ?

-Бид сая сонгууль өгөхдөө ямар журам баримталсан түүн шигээ дүрэм, журам батлаад өгчихвөл бид хэрэгжүүлээд ажиллаж болно. Тийм учраас бидний үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж болох хугацааг яаралтай тодорхой болгож өгөхийг хүсэж байна. Хөл хорио тавьж, үзвэр үйлчилгээний байгууллагаа хааснаас болж ахуйн архидалт, хувийн үдэшлэгүүд гэх мэт далд бизнесүүд өргөжиж байна. Энэ нь цаашлаад олон эрсдэлийг бий болгож байгааг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна нэгэнт коронавирусийг улс дотроо алдаагүй байж үйлчилгээний байгууллагууд журмын дагуу ажиллахад юу саад болоод байгааг ойлгохгүй байна. Яагаад баар, цэнгээний газрыг хаачхаад ресторануудыг ажиллуулаад байгаа юм. Адилхан архи зарж, хүмүүс хоорондоо ойрхон маскгүй сууж байна. Зарим ресторанууд оройн цагаар хөгжим тавиад хүмүүсийг бүжиглүүлж байгаа ч тохиолдол бий. Хүүхдийн тоглоомын төвүүдийг нээнэ гэчхээд ПС тоглоомын газрыг нээхгүй гэж байгаа. Яг бодит байдал дээр хүүхдийн тоглоомын төв нь илүү их бөөгнөрөл үүсгэнэ шүү дээ. Хүүхдийн тоглоомын төвийг нээхийг үгүйсгэж байгаа юм биш.

“Цаасан дээрээ өөр зөвшөөрөлтэй ч бодит байдал дээр ямар байгааг бодолцож бизнесүүдээ алагчлахгүй бүгдийг нь нээхийг шаардаж байна. Энэ байгууллагуудын цаана яг ижилхэн ажилчид, татвар төлөгчид байгаа гэдгийг ойлгоосой”

-UB Comedy club хэр удаан үйл ажиллагаа нь зогсонги байдалд байна вэ. Энэ хугацаанд ямар алдагдал хүлээв?

-Нэгдүгээр сарын 30-аас манайх бүх тоглолтуудаа зогсоосон. Яг үнэнийг хэлэхэд бид нар татвараа төлж чадаагүй өртэй байгаа. Банкны зээл, урсгал зардал гээд нэлээд хүндрэлд орчихсон байна. Энэ нүхнээс яаралтай үсрээд гардаггүй юм аа гэхэд ядаж мацаад гармаар байна. Буцаад үйл ажиллагаагаа хэвийн болгож, нэгэнт бий болгосон хамт олноо цааш нь авч явахыг хүсэж байна. Манайх өмнө нь 30 хүн цалинжуулдаг, нийгмийн даатгал, татвараа төлдөг байгууллага байсан. Энэ үйл ажиллагаа зогссоноор тэр хүмүүсийн ар гэрт ч гэсэн асуудал үүсгэж байгаа юм. Нэг ёсондоо хүмүүс ажлын байраа алдчихлаа. Бид энэ байдлаараа удаж бүр дампуураад гудманд гарахдаа тулбал хэн хариуцлага хүлээх юм бэ. Төрөөс дэмждэггүй юм аа гэхэд битгий хүнд байдалд оруулаач ээ гэж л хүсэж байгаа юм. Орлого зогссон гэхдээ түрээс, ус, цахилгааны төлбөр, банкны хүү зогсоогүй гэдгийг сануулмаар байна.

-Таван сарын хугацаанд комедианууд юу хийв. Онлайн тоглолт гэх мэт үйл ажиллагаа явуулсан уу?

-Аль болох боломжоороо цахим нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Гэхдээ тэр бол ашгийн бус үзэгчдэдээ үзүүлэх зүйлтэй байя гэж бодоод хийсэн зүйл. Тэгснээс биш мөнгө олоод зардлаа нөхөж, өрөө төлөөд байсан юм байхгүй. Аль болох л өөрсдийнхөө нөхцөлд тааруулан ажиллаж байгаа.  Бид төрөөс халамж, татаас шаардаж нэхээгүй. Ажиллах нөхцөл бүрдүүлээд өгөөч, дүрэм журмын дагуу ажиллая л гэж байгаа юм. Коронавирус дотроо тархсан бусад улс орнууд хөл хориогоо суллахдаа мөрдөх журмыг нь баталж өгөөд хамгийн түрүүнд үзвэр үйлчилгээгээ нээж байна. Энэ чинь эдийн засгийн нэг хэсэг нь учраас үүнийг дэмжиж, мөнгөний эргэлтийг бий болгож байгаа. Дотроо алдсан улсууд ажиллуулж болоод байхад алдаагүй манайд ямар асуудал байгаа юм. Яг юунаас айгаад байгаа вэ.

УОК дотооддоо коронавирус тараагүй гэдэг мэдэгдэлдээ итгэлгүй байгаа юм уу?Тэр үгнийхээ ард бат зогсож чадахгүй байна уу.

Ажлаа хийж, шийдвэр гаргаж чадахгүй ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Шийдвэр гаргана гэдэг шийдвэр гаргах чинь юу гэсэн үг юм бэ. Тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүс ажил хийсэн нэртэй ийм байгаадаа ичих хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүмүүст нь хүлээлгэн өг. Миний хөгшчүүл одоо болио гэж хэлээд байгаа нь ийм учиртай. Үнэхээр коронавирусийг дотроо алдах ийм эрсдэл байна гээд тодорхой, үндэслэлтэй тайлбарлаад хэлбэл бид чинь тэнэг хүмүүс биш шүү дээ.

-СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ ХАРААСАЙ-

-Комеди бол та бүхний сонирхол, ажлын байр. Нөгөө талаас бас урлагийн нэг төрөл. Уран бүтээлч залуу хүний хувьд төрөөс гаргаж байгаа энэ шийдвэрүүдийг яаж хүлээн авч байна вэ?

-Бидний нэрлэдэг соёл урлагийн буюу энтертейнмент салбар бол цогц ойлголт. Тэнд тайзан дээр урлагаа үзүүлж байгаа хүнээс эхлээд танхимд цэвэрлэгээ хийж байгаа хүн энэ ойлголтод багтана. Хүмүүс зүгээр л зугаа цэнгэл, архи дарс гэж хардаг боловч тэнд ч бас ажлын байр бий. Төр засаг маань соёл урлагийн салбараа үйлдвэрлэл гэдэг талаас нь хараасай. Бид мод тайрч, газар ухаагүй цэвэр өөрсдийн оюун ухаанаар, хий хоосноос баялаг бүтээж байгааг ойлгож үнэлээсэй. Манай улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайн салбараас бүрддэг. Үлдсэн 10 хувьд нь бусад худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл гэх мэт салбар багтаж байна. Бид нар зөвхөн газраа ухаж уурхайгаар хөгждөг орон байх уу эсвэл үзвэр үйлчилгээ, соёл үйлдвэрлэж хөгждөг улс байх юм уу. Цаашлаад аялал жуулчлалын салбартай ч энтертейнмент салбар салшгүй холбоотой.  Хөгжиж ядаж байгаа салбарт бор зүрхээрээ татвараа төлөөд ажиллаж байгаа хүмүүсээ битгий хааж боогооч.

-Холбогдох албаны байгууллагуудад шаардлага хүсэлт хүргүүлсэн үү?

-Өмнө нь коронавирус ороод ирж магадгүй аюултай нөхцөл байдал үүссэнийг бид ойлгосон. Тэр бодлоороо л гаргасан шийдвэрүүдийг үг дуугүй биелүүлсэн. Хориог бага багаар сунгах болгонд нь удахгүй нээх байх гээд л тэвчээртэй хүлээсэн. Гэвч сонгуулийн сурталчилгааны үеэр ямар байсныг хүн болгон харсан. Нэгнээ үнсэх нь холгүй байж, олон хүн цуглуулж назгайрч байгааг хараад нөгөө итгэл найдвар УОК-ийг хүндлэх хүндлэл үгүй болсон.

“Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг өөрсдөө зөрчдөг увайгүй хүмүүст дургүй хүрсэн”

Тухайн үед улс төрийн аль нэг хүчинд үйлчилсэн мэт харагдаж магадгүй учраас тэвчиж байгаад өчигдрөөс эхэлж үзэл бодлоо илэрхийллээ. 

-Та бүхэнтэй адил олон залуус юу хийхээ мэдэхгүй хохирч байгаа. Тэр хүмүүс та бүхэнтэй нэгдэх боломжтой юу. Цаашдаа эсэргүүцлээ хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Баар, цэнгээний газруудын эзэд нийлж байгаад албан бичиг хүргүүлсэн байна лээ. Бид ч бас бизнес эрхлэгчидтэй хамтран албан хүсэлт явуулна. Ямар нэгэн үймээн самуунд уриалахгүй тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Олон нийтийг үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж, хамтдаа дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна. Залуу хүний хувьд эмзэглэж байгаа зүйл гэвэл усан оргилуур дээр бөөндөө бужигнах бол асуудалгүй. Үзэл бодлоо илэрхийлээд зогсохоор хоёроос дээш хүн цуглаж болохгүй болчхоод байна. Энэ чинь өөрөө ардчилсан улсын шинж мөн юм уу гэдэг түгшүүр төрүүлж байна.

Бидний хувьд өчигдөр хуулийн дагуу цагдаа сануулах хуудас өгснөөс цагийн дотор тэндээс явсан. Сонгуулийн өмнө бизнес эрхлэгчид үзэл бодлоо илэрхийлэхэд ил далд байдлаар дарамталж, заналхийлсэн явдал гарсан. Залуу хүмүүс бид энэ ардчилсан улсын амин сүнс нь юм шүү. Бид өөрсдөө эрүүл ухаанаар сэтгэж, зоригтой дуу хоолойгоо хүргэхгүй бол болохгүй. Бидний л улс шүү дээ, өөрийн эх орондоо үгээ хэлж чадахгүй байх нь ямар үр дүнд хүргэхийг төсөөлөхөөс ч аймаар. Одооноос эхлээд өөрсдийнхөө төлөө дуугарч эхэлцгээе гэж залуустаа уриалмаар байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө