ИРГЭД: Бээжинд ослын буулт хийж амжилттай газардахад нь шууд нулимс урссан

ИРГЭД: Бээжинд ослын буулт хийж амжилттай газардахад нь шууд нулимс урссан

БНСУ-аас иргэдээ татан авахаар энэ сарын 2-нд тусгай үүргийн хоёр онгоц хөөрсөн. Эхний онгоц нь үүрээр 05.40 цагт БНСУ-ыг зорьсон бол хоёр дахь онгоц нь өдөр 12.10 цагт хөөрсөн юм.  Тус нислэгүүдээр 400 гаруй иргэн эх орондоо ирсэн бөгөөд БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 2500 гаруй хүн өргөдөл, хүсэлтээ өгсөн байгаа билээ. 

Эхний онгоц Сөүлээс 11:00 цагт хөдөлсөн боловч техникийн шалтгаанаар Бээжин хотод ослын буулт хийсэн. Тодруулбал, МИАТ  ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгийн онгоцны хөдөлгүүр гэмтсэн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буултыг амжилттай хийж чадсан юм. Уг онгоцонд 160 гаруй иргэн зорчиж явсан бөгөөд тэдний төлөөлөл болох хоёр иргэнээс тухайн үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-ИРГЭН А.НАРАНЧИМЭГ: ГЭМТЭЛ ГАРСАН ГЭДГИЙГ ДУУЛААД БҮГД МАШ ИХ АЙСАН-

-Сайн байна уу. Эх орондоо сайн явж ирэв үү?

-Сайн. Сайн байна уу. Сайн явж ирлээ.

-Эхний онгоц Улаанбаатар хотоос үүрийн 05:40 цагт хөөрсөн. Сөүлд хэзээ газардсан бэ. Та бүхэн яг хэдэн цагт Монгол руу хөөрсөн бэ?

-Сөүлийн цагаар 11:15 цагийн үед хөдөлсөн. Уг нь 10:10 хөдлөх хуваарьтай байсан.

-Нислэг яагаад цагаасаа хожимдсон юм бэ?

-Тэр шалтгааныг сайн мэдэхгүй юм. Гэхдээ гэмтэл гарсан болохоор анхнаасаа асуудал байсан юм биш биз гэж хардсан.

-Бээжинд 13:00 цагийн үед газардсан гэхээр хөөрөөд удаагүй гэмтэл гарсан юм байна. Яг тэр үед үүссэн нөхцөл байдлын талаар яривал?

-Тийм ээ. Замынхаа талд нь ч хүрээгүй гэмтэл гарсан. Бээжин хотын дээгүүр нэг цаг хайрцаг хийж ниссэн. Хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийнэ гэж зарласанаас хойш хүн бүхэн айдаст автсан. Гэхдээ Ууганбаяр гээд олон жилийн туршлагатай сайн нисгэгч байгаа гэж сонсоод түүнд найдаад л, залбираад сууж байсан даа.

-БЭЭЖИНД ДОЛООН ЦАГ ГАРУЙ ОНГОЦОНДОО СУУЦГААСАН, НЭГ Ч ХҮН ГАРААГҮЙ-

-Амжилттай газардсаны дараа ямар сэтгэгдэл төрөв?

-Юуны түрүүнд амьд буусандаа л маш их баярласан.

-Бээжинд буугаад хэдэн цаг саатсан бэ? Тэр хугацаанд хаана байрлаж байсан бэ?

-Үргэлжлүүлээд л аймшгийн кино болсон доо. Жижиг онгоц байсан болохоор суудлын зай хэтэрхий ойрхон, хөлөө ч жийж сууж чадахгүй байсан нь жирэмсэн эмэгтэйчүүд бидэнд их хүнд байсан. Өдөр нэг цагийн үед буугаад орой 20:00 цагийн үед хөөрсөн гэхээр бараг долоон цаг саатсан юм байна. Тэр хооронд нэг ч онгоцноосоо буугаагүй тул агаар хүрэлцээгүй болж нэг жирэмсэн эмэгтэй ухаан алдаж унасан. 1-3 сартай 10 гаруй хүүхдүүд байсан. Тэд уйлалдаад л, хүн ухаан алдаж унаад, бусад нь агаар муутай орчинд халууцаж, бөгчимдөөд төсөөлөхөд ч хэцүү нөхцөлд долоон цаг болсон. Бас тусгай нислэг учраас хоол байхгүй хүнд байсан шүү.

-Монголд хэдэн цагт газардсан бэ. Таны бие дажгүй юу?

-Орой 10 цагийн үед газардсан боловч Мэргэжлийн хяналтынхны шалгалт гээд бас л онгоцноос гаргахгүй хоёр цаг гаруй болсон. Солонгосоос ниссэнээс хойш 14 цаг нэг иймэрхүү хүнд байдалтай явж ирсэн. Миний хувьд шөнө 02:00 цагийн үед “Амар” зочид буудалд орж ирсэн. Маш их өлсөж, ядарсан. Жирэмсэн болохоор хавагнаж, гэдэс зангирсан байдалтай онгоцноос буусан. Одоо хүртэл зовиуртай л байна. Уг нь Солонгосоос нисэхэд хэвийн байсан юм.

-Буудлын хувьд нөхцөл байдал хэр байна. Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?

-Нөхөртэйгээ хоёулаа байгаа. Өө тэгээд ярьвал их л асуудал байна. Гэхдээ ядраад байна, уучлаарай.

-Таны хувьд Солонгос улсад хэр хугацаагаар гацаж, хэдэн удаа хүсэлт гаргаж байж ирэв. Хэдэн сартай жирэмсэн бэ?

-Солонгост гурван сар гаруй хугацаанд гацсан. Хоёр удаа хүсэлт өгсөн. Одоо таван сартай жирэмсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

ИРГЭН Б.ЖАРГАЛ: ОНГОЦОНД ДОЛООН ЦАГ БОЛОХОД АГААР ХҮРЭЛЦЭЭГҮЙ БОЛЖ, ХҮН УХААН АЛДАЖ, ХҮҮХДҮҮД УЙЛЦГААЖ БАЙСАН

-Сайн байна уу. Эх орондоо сайн явж ирэв үү. Үүссэн нөхцөл байдлын талаар яриач?

-Сайн явж ирлээ. Нисч явж байснаа гэнэт нэг хөдөлгүүрт нь асуудал гарсан юм шиг байна лээ. Онгоцны үйлчлэгч нар нь сандарч гүйлдээд л, тэр үед юм, юм л бодогдож байсан шүү.

-Амжилттай газардсаны дараа төрсөн сэтгэгдэл?

-Бээжингийн дээгүүр цаг гаруй хугацаанд тойрч бензинээ шатаасан. Ингээд дуусахын алдад ослын буулт хийж амжилтттай газардсан.

Ээ бурхан минь, бүх хүмүүс чив чимээгүй ямар ч хөдөлгөөнгүй байж байгаад газардсан чинь алга ташаад л, орилолдсон. Миний нулимс шууд л урссан.

-Та бүхэнд маш олон хүн санаа зовж, мэдээлэл ирэхийг хүлээж байсан?

-Тийм ээ. Үнэхээр аймар байсан шүү. Жаахан хуучирсан, муу онгоц байсан юм шиг санагдсан.

-ОНГОЦ ГАЗАРДАХАД МИНИЙ НУЛИМС ШУУД Л УРССАН-

-Онгоцны багийнхны зүгээс та бүгдийг яаж тайвшруулж байв?

-Гэмтэл гарсан тул тайван байгаарай гэж л  их хэлж байсан.

-ЖИРЭМСЭН ХҮН УХААН АЛДААД ХЯТАД ЭМЧ НАР ИРЖ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН-

-Бээжинд хэдэн цаг саатсан бэ? Энэ хугацаанд юу болсон бэ?

-Бараг долоон цаг болсон. Онгоцноосоо огт буугаагүй. Зарим нэг жирэмсэн хүн ухаан алдаад хятад эмч нар ирж тусламж үзүүлсэн. Онгоцноос нэг ч хүн гаргаагүй.

-Нялх хүүхдүүд гайгүй байсан уу.Юу идэж, уусан бэ?

-Нялх хүүхдүүд уйлалдаад л хэцүү байсан. Өөрсдийн авч явсан бага сага хүнсний зүйлсээ идсэн. Ус цаанаасаа өгч байсан. Маск хоёр удаа сольсон. Ер нь тус нислэгээр хүмүүс маш тэвчээртэй байж ирсэн.

-Онгоцноос онгоцруу зөөвөрлөх ажил хэр явагдсан бэ. Хэдэн цаг үргэлжлэв?

-Эгнээ, эгнээгээр дуудаад автобусаар зөөсөн. Цаг гаруй үргэлжилсэн. Ингэж явсаар байгаад шөнийн 02:00 цагт буудалдаа ирцгээсэн.

-Одоо аль буудалд байгаа вэ. Хэдүүлээ тусгаарлагдсан?

-Сүнжингранд буудалд байна. Хоёр, хоёроор нь оруулсан.

-Таны хувьд Солонгос улсад хэр хугацаагаар гацаж, хэдэн удаа хүсэлт гаргаж байж ирэв?

-Би таван сар болсон. Хоёр удаа өргөдөл өгсөн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Уг онгоцоор жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй гэр бүл арав, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай нийт 167 иргэн эх орондоо иржээ.