Онгоц эвдэрч, нисгэгчид тусгаарлагдсан тул УБ-Сөүл чиглэлийн нислэг цуцлагдав уу

Онгоц эвдэрч, нисгэгчид тусгаарлагдсан тул УБ-Сөүл чиглэлийн нислэг цуцлагдав уу

Улсын Онцгой комисс өнгөрсөн сарын 30-нд хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-ныг дуустал сунгахаар шийдвэрлэсэн. Харин энэ хугацаанд таван удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадаас иргэдээ татан авах юм.

Долоодугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа иргэд, долоодугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын нислэгээр Япон улсад байгаа иргэдээ татан аваад байна. Энэ сарын 2-нд БНСУ-руу хоёр тусгай үүргийн онгоц хөөрсөн боловч Сөүлээс 11:00 цагт хөдөлсөн ОМ302 дугаартай нислэгийн онгоцны хөдөлгүүр гэмтсэн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийсэн юм. Уг онгоцонд явсан 169 иргэнийг авахаар Улаанбаатар хотоос дахин нэг онгоц хөөрсөн билээ.

Тэгвэл өнөөдөр БНСУ-руу иргэдээ авахаар хөөрөх байсан МИАТ-ийн онгоц тодорхойгүй шалтгааны улмаас нислэгээ маргааш болгож хойшлуулсан байна.

-МИАТ КОМПАНИ ТАВАН ТҮРЭЭСИЙН ОНГОЦТОЙ -

МИАТ компани өнөөдрийн байдлаар Боинг 737-800 агаарын хөлөг 2, Боинг 767-300 агаарын хөлөг 3 нийтдээ 5 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэгүүдийг хийж байна. Мөн нийт 54 нисгэгч, 100 гаруй үйлчлэгчтэй аж.

Цар тахал гарснаас хойш нисгэгч, үйлчилгээний ажилчид тусгай нислэг үйлдэх бүртээ тусгаарлалтанд давхар ордог бөгөөд нэг нисгэгч багадаа гурван удаа тусгаарлагддаг байна. УОК-ын шийдвэрийн дагуу гадаадад байгаа иргэдээ өдөр товлон авчирсаар байгаа хэдий ч энэ цаг үед эх орондоо ирэх иргэдийн тоо, улсынхаа онгоц, нисгэгчдийнхээ тооноос хавь илүү байгаа юм. Тиймээс гадаадад буй иргэд хамтран өөрсдийн байгаа улсынхаа агаарын тээврийн компаниудад хандаж, тэдний онгоцоор эх орондоо ирэх боломжийг судалж эхэлжээ. Харин хэд, хэдэн улсын агаарын тээврийн компани зөвшөөрсөн хариу өгсөн ч манай улсын УОК хариу өгөхгүй байсаар байна.

Онгоцны тасалбарын үнэ, ирээд тусгаарлагдах төлбөр гээд бүхий л зардал иргэдийн халааснаас гарч байгаа тул энэ нь манай  улсын хувьд таван онгоц, хэдэн нисгэгчээ амраах боломжын шийдвэр байж болох юм. Иргэдийн хувьд ч УОК-руу явуулсан өргөдлийн хариугаа хүлээж, олон сараар гадаадад гацах шаардлагагүй гэсэн үг.

-ИРЖ БУЙ ИРГЭДЭЭ ТУСГААРЛАХ ГАЗАР ХҮРЭЛЦЭЭТЭЙ ЮУ-

Энэ асуултанд мэдээж “хүрэлцээтэй” гэж хариулна. Манай улсын хувьд өнгөрсөн жилд 529 мянга гаруй жуулчин хүлээж авсан гэсэн тоо бий. Энэ жилийн хувьд цар тахлаас үүдэн хилээ хаасан учир гадны жуулчид орж ирэх боломжгүй болсон. Тиймээс Улаанбаатар хотын ихэнх буудлууд ачаалал багатай, үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний хувьд ч хүнгүй, хоосон ажиллаж байсны дор гадаадаас ирж буй иргэдээ байрлуулан, хэдэн сарын зарлагаа нөхөх нь хавьгүй зөв шийдвэр юм. Харин зочид буудлуудын хувьд эрүүл  ахуйн шаардлага хангаж, чанартай хоол хүнсээр үйлчлэх нь энэ цаг үед хамгийн хүнлэг үйлдэл болоод байна. УОК, МХЕГ-ын зүгээс ч мөн энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй юм.

-ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦАА 21 ХОНОГ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ-

Энэ асуулт мөн иргэдийн дунд эргэлзээтэй хэвээр байсаар байна. ДЭМБ-ийн байгууллагын зөвлөсөнөөр гадны улс орноор зорчсон бол зайлшгүй 14 хоног тусгаарлагдах шаардлагатай гэж заасан байна. Гэвч манай улсын хувьд 14 хоног өнгөрсөн ч хүний биеэс вирус илрэх боломжтой гэж үзэн тусгаарлалтын хугацаагаа 21 хоног болгож сунгасан байдаг. Энэ хугацаанд хүнд өвчтэй иргэд дотны хүмүүстэйгээ уулзаж чадалгүй тусгаарлалтын байранд амиа алдах, төрөх, жирэмсэн эхчүүдийн хувьд бие тавгүйрхсэн ч эмчид үзүүлж чадалгүй хугацаа алдах, эрсдэл үүсэх зэрэг асуудал тулгарсаар байна. Мөн зардал ч их байгааг иргэдийн зүгээс хэлсээр байна. Гэвч ЭМЯ, УОК-ын зүгээс энэ асуудалд бодитой хандаж, шийд гаргахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иргэд гадны улсад шинжилгээ өгч, түүнийхээ дүнг үзүүлэн тусгай үүргийн онгоцонд багтаж ирдэг. Ирээд 14 хоног тусгаарлагдах хугацаанд вирус илрээгүй бол дахин 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах нь одоо бас нэгэн зөв шийдэл болоод байна.

-ЭНЭ САРД ДАХИН ГУРВАН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ХИЙГДЭНЭ-

Одогоор долоодугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой. Долоодугаар сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авах төлөвлөгөөтэй байна. Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700 орчим иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээд байна.