НАМЗХ-ны залуус Д.Амарбаясгаланд ШААРДЛАГА хүргүүлэв

2019-07-01 20:24

НАМЗХ-ны Их хурлыг энэ сарын 8-ны өдөр хуралдуулах чиглэл өгөв

Энэ сарын 27-ны өдөр /2019.06.27/ Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны төлөөлөгчид /НАМЗХ/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлсэн.

Тодруулбал, тэд НАМЗХ-ны Их хурлыг долдугаар сарын 9-ны өдрөөс өмнө хуралдуулахыг шаардсан билээ.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэдний шаардлагыг хүлээн авч НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Удирдах зөвлөлийн гишүүдэд Их хурлыг хуралдуулах чиглэл өгсөн байна.

Тэрбээр чиглэлдээ “2020 оны шат, шатны сонгуулийн бэлтгэлийг хангахад намын 220 мянга гаруй гишүүдийн 30 хувийг хамарч байгаа залуучуудын оролцоог идэвхжүүлэн ажиллах зайлгшгүй шаардлага байна. НАМЗХ-ны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулах заалт өнөөдрийн байдлаар зөрчигдсөн буюу 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр ээлжит V Их хурлаа хуралдуулсан нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөр дууссан тухай, мөн хугацаа  алдалгүй  VI Их хурлыг хуралдуулах тухай шаардах бичгийг 21 аймаг, 9 дүүргийн НАМЗХ-ны төлөөлөл Намын Удирдах Зөвлөлд ирүүллээ. Иймд НАМЗХ-ны Бага хурлыг 2019 оны долдугаар сарын 1-ны өдөр хуралдуулан ээлжит зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан Намын дүрэм, НАМЗХ-ны дүрмийг баримтлан 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр НАМЗХ-ны VI Их хурлыг хуралдуулахыг чиглэл болгож байна” гэжээ.

2019-06-27 16:20

НАМЗХ-ны залуус Д.Амарбаясгаланд ШААРДЛАГА хүргүүлэв

17 АЙМАГ, ДОЛООН ДҮҮРГИЙН НАМЗХ-НЫ ДАРГА ИХ ХУРЛАА ХУРАЛДУУЛАХЫГ ШААРДЛАА

МАН-ын залуучуудын төв байгууллага Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны 17 аймаг, долоон дүүргийн дарга өнөөдөр /НАМЗХ/ намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж, шаардах бичиг өглөө.

Тодруулбал, тэд НАМЗХ-ны Их хурлыг долдугаар сарын 9-ны өдрөөс өмнө хуралдуулахыг шаардсан юм.

Уулзалтын үеэр тэд хэлэхдээ “НАМЗХ-ны ерөнхийлөгчийн насны хязгаарыг 35 болгох намын дүрмийн өөрчлөлтийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. НАМЗХ-ны дүрэмд Их хурлыг дөрвөн жилд нэг удаа хийнэ гэж заасан байдаг. Тиймээс зургадугаар Их хурлыг яаралтай хийгээчээ гэдэг асуудлыг тавьж байна. 2020 оны сонгуулийн өмнө намын залуус хүчээ нэгтгэж ажиллах ёстой. Үүний хүрээнд залуус нэгдэж байна. Мөн намын удирдах зөвлөлөөс дэмжлэг хүсч байна. Удахгүй үндэсний их баяр наадам болно. Үргэлжлээд намар болно. Залуус бид цаг хугацаа алдмааргүй байна. Яаралтай Их хурлаа хиймээр байна” гэлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: НАМЗХ-Г ИХ ХУРЛАА ХИЙХ ЁСТОЙ ГЭЖ НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ҮЗЭЖ БАЙГАА 

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шаардлагыг хүлээж аваад “Залуучуудын байгууллагыг хурлаа хийж, намынхаа дүрэмд нийцүүлж дүрмийнхээ өөрчлөлтийг хийгээсэй гэж намын Удирдах зөвлөл үзэж байгаа. Залуучуудын байгууллагын Их хурлыг ойрын хугацаанд хийхийг НАМЗХ-ын ерөнхийлөгч Г.Тэмүүлэнд  хэлье. НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн надтай хэд, хэдэн удаа уулзаж зургадугаар сарын 20-ны өдрөөс өмнө Их хурлыг хуралдуулна гэж ярьж байсан. Удирдах зөвлөл үүнд анхаарал тавьж ажиллана” гэлээ.

2019-06-24 15:05

Наадмын дараа НАМЗХ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно

МАН-ын залуучуудын төв байгууллага болох НАМЗХ наадмын дараа хуралдаж шинэ Ерөнхийлөгчөө сонгоно гэх мэдээлэл байна. Түүнээс өмнө буюу энэ сарын 27-ны /2019.06.27/ УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Д.Амарбаясгалан, Ж.Мөнхбат нар уулзаж НАМЗХ-ны бодлогыг шинэчлэх, Их хурлын зохион байгуулалттай холбоотой асуудлаар ярилцаж, төлөвлөгөө гаргах аж.

Одоо НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байна. Г.Тэмүүлэн нь 2015 оны зургадугаар сард тус албан тушаалд сонгогдож дөрвөн жилийн хугацаа нь ийнхүү дуусч байгаа юм.  Харин дараагийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгогдож магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь намын залуусын дэмжлэг сайтай байгаа аж. 

Н.Учралтай хамт Сангийн дэд сайд Х.Булгантуяаг өрсөлдөнө гэх мэдээлэл байсан ч НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгох дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан өрсөлдөхөөргүй болжээ.

Харин одоо НАМЗХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Н.Учралаас гадна Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө