Ерөнхий сайд байсан хүмүүсийн талаар МАН яагаад дуугарахгүй байна вэ

Ерөнхий сайд байсан хүмүүсийн талаар МАН яагаад дуугарахгүй байна вэ

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Монгол Улс 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараа бий болгож байжээ. Ингээд 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаар тогтнолоо олсны дараагаар Ерөнхий сайдыг МАХН буюу одоогийн МАН томилдог байв.

Харин ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан А.Амар, П.Гэндэн нар тухай үед Зөвлөлт Холбоот улсад цаазаар авахуулж байсан бол, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тус улсад нас барж байв. Улмаар Т.Намнансүрэн, Г.Бадамдорж, С.Дамдинбазар, Ц.Жигжиджав нар учир битүүлгээр амь насаа алдаж, хорлогдож байсан гэдэг.

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас хойш Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс цагдан хоригдох ял сонсоод байна.

-М.ЭНХСАЙХАН, Ж.ЭРДЭНЭБАТ, С.БАЯР НАРТ ЯМАР
ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛ ОНООСОН ВЭ?-

Тухайлбал, М.Энхсайханыг “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгасан юм. Мөн энэ үйлдлээрээ хүн амын амьдралыг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэж давхар ялласан. Эцэст нь Нийслэлийн прокурорын газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан буюу 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, шүүхээс 4.6 жилийн ял оноосон юм.

Харин Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг компанийнхаа нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татсан билээ. Шүүхээс түүний энэ үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн зургаан жилийн хорих ял оноосон юм.

Тэгвэл С.Баярыг 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Петровисын шатахууныг Оюу толгойд шахахад нөлөөлсөн, улмаар найз Ч.Даваанямтайгаа хамтран АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авч, борлуулж мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж таван жилийн хорих ял, 5.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь улсын орлого болгохоор болсон юм.

-МАН ЯАГААД ДУУГҮЙ БАЙНА ВЭ-

Шүүхийн энэхүү шийдвэрийг зарим иргэд захиалгат хэлмэгдүүлэлт гэж буй. Харин энэ цагт МАН-ын гишүүн, дарга байсан, тус намаас Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож байсан Ж.Эрдэнэбат, С.Баяр нарын асуудлаар тус намаас мэдэгдэл хийгээгүй байна. Шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн С.Баяр өөрийн твиттер хуудастаа “Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ” гэж нийтэлсэн юм.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд нар ийнхүү ял сонсож байгаа нь Ерөнхийлөгчийн хийж буй ажил гэж мэдэгдсэн. Тэрээр “Ерөнхийлөгчийн халаасанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтсан, засаглалын гурван баганын нэг болох шүүх  засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан” гэж тодотгосон билээ. Иймээс хууль шүүхийнхэн 1930 оны хэлмэгдүүлэлтийн үе шиг уралдан хорьж, “Хүслийн хонгил” ажиллуулж байгаа гэсэн юм.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө