БНСУ-ын Бусан хотод суух консулаар Л.Элдэв-Очирыг томилжээ

БНСУ-ын Бусан хотод суух консулаар Л.Элдэв-Очирыг томилжээ

Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Франц Улсад суух элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь олон нийтийн багагүй шүүмжлэлтэй тулгараад байна. Тодруулбал, түүний хүү Э.Золбоог Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон бол, Ө.Энхтүвшинг элчин сайдаар томилж буйг иргэд “Монголын төр тэдэнд ямар өртэй вэ” зэргээр асуудал дэвшүүлж байна. 

Тэгвэл УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. 

Л.Элдэв-Очир нь 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга, 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал, 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал, 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал, 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.