Л.Мөнхтүшиг: Чехээс ирсэн охин яаж ирсэн нь тодорхойгүй байгаа

Л.Мөнхтүшиг: Чехээс ирсэн охин яаж ирсэн нь тодорхойгүй байгаа

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Чехээс ирсэн монгол эмэгтэйн талаар дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр “Чехээс ирсэн оюутны талаар мэдээлэл авсан даруйдаа үнэхээр тэр улсаас ирсэн эсэхийг тодруулах шаардлага үүссэн. ОХУ өөрийн хилээр нэвтрэх эрхтэй гурван улсыг зарласан. Үүнд Чех улс байхгүй. Бид мэдээлийг авсан даруйдаа тухайн иргэний ар гэртэй холбогдсон. Одоогоор Чехээс том оврын машинд суугаад ирсэн гэдэг өгүүлэмжтэй байгаа. 

Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол-Оросын бүх боомтын хөдөлгөөнийг зогсоосон.

Энэ шийдвэр хүчинтэй байгаа. Хэрэв Монгол Улсын иргэнийн татан авах тохиолдолд зохион байгуулалттайгаар хоёр тал тохиролцон хилээ нээж авч байгаа. Чехээс ирсэн охины хувьд ГХЯ болон Элчин сайдын яаманд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ирсэн учраас хил хаалттай байсан. Хил нэвтрүүлэх шийдвэр гаргахаар холбогдох байгууллагууд удсан болов уу гэж бодож байна. Энэ охин яаж ирсэн нь одоогоор албан ёсоор тодорхойгүй байгаа. ОХУ-ын талаас тухайн улсын хилийн горим зөрчвөл хоёр жил хүртэл хорих ялтай байдаг гэдгийг анхааруулсан” гэсэн юм. 

Мөн тэрээр "Өчигдөр Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр нутаг буцаж байсан 62 настай эрэгтэй онгоцонд нас барсан харамсалтай явдал гарсан. Бид энэ мэдээллийг авсан даруйдаа Улсын онцгой комиссын шуурхай штабд мэдээлэл хүргэн, Австралид байгаа болон Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь холбогдож, дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнд Консулын газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Талийгаач өнгөрсөн оны сүүлчээр Австрали улсад суралцдаг хүүхэд дээрээ очсон юм билээ. Манай Элчин сайдтай хэд хэдэн удаа уулзсан.

Австрали улсаас нийтдээ нутаг буцах хүсэлтэй 1200 орчим хүн байгаа. Эдгээр иргэдийн 300 орчим нь өндөр настан буюу 60-аас дээш насныхан. Монгол, Австрали улсын анхны шууд нислэг долдугаар сарын 17-нд үйлдсэн. Бид одоо хоёр удаагийн нислэгээр ойролцоогоор 150 орчим өндөр настныг татан авсан. Нас барсан иргэн маань хоёр дахь удаагийн шууд нислэгт багтсан бөгөөд суурь өвчтэй хүн байсан. Тухайн иргэний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

"