МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж ЮУ ЯРИВ

МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж ЮУ ЯРИВ

МАН-ын бүлэг Их тэнгэрт өчигдөр 12.30 цагт хурал зарласан.

Энэ дагуу өндөр ирцтэйгээр хуралдсан байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан ажлын тайланг ярилцжээ.

Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулсан. Тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх иргэдийн санаа, бодлыг сонссон талаараа өчигдрийн хурлаар ярьжээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Энэ удаа УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа проткол хөтөлсөн. Гишүүдийн болон иргэдийн хэлсэн үг бүрийг бичгээр тэмдэглэж авсан” гэж ярьсан.

Энэ дагуу тойрогтоо ажилласан гишүүд нэг, нэгээрээ тайлангаа танилцуулжээ.

МАН-ын бүлгийн гишүүд өчигдрийн хуралдаанаар “Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Сүрхий эсэргүүцсэн хүн таарсангүй. Тиймээс одоо судлаачидтайгаа хамтран маш нямбай ажиллаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя” гэж ярьжээ.

Иргэдийн хувьд Засгийн газрыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдыг хамтад нь УИХ-д оруулж ирнэ гэдэг заалтыг дэмжсэн гэж МАН-ын бүлгийн гишүүд ярьжээ.

Өчигдөр мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан байгуулагдсан ДЭД АЖЛЫН ХЭСГҮҮД Их тэнгэрт хуралдсан байна.

УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан хурлынхаа протколыг УИХ-ын тамгын газарт өгч нэгтгүүлж байгаа аж.

Иргэдийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцад тусгана гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн билээ.