Есөн дүүгээ ганцаараа өсгөж буй Б.Ариунболор охин “Сөүл Гардэн” хотхонд 3 өрөө байртай болжээ

Есөн дүүгээ ганцаараа өсгөж буй Б.Ариунболор охин “Сөүл Гардэн” хотхонд 3 өрөө байртай болжээ

Есөн дүүгээ ганцаараа өсгөж, нэг үгээр есөн хүүхдийн ээж болон амьдардаг Б.Ариунболор охины тухай мэдээлэл сүүлийн нэг сард цахим орчинд хүчтэй тархсан билээ. Түүнээс хойш “өнчирч хоцорсон есөн дүүгээ, нялх охиныхоо хамт өсгөж буй хатуужилтай, хэрсүү охин” гэдгээр нь цөөнгүй хүн түүнийг мэддэг болсон.

Харин өнгөрсөн долоо хоногт "Ангууч" нэрээр залууст танигдсан Б.Баттөр О.Мөнхжин  хэмээх залуутай хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгсөн баярт мэдээ дахин цахим ертөнцөд тархсан юм.  Тодруулбал, долоодугаар сарын 29-ний өдөр Скай Ресортед болсон "Almighty" сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан бөгөөд Ука, Don Dior, The Colors, 168, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид дуу хоолойгоо өргөжээ. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, цугласан нийт хандивыг Б.Ариунболорт гардуулсан байна.

Тус хандивын аянд нийт 20 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд гадаадад буй монголчууд мөн хандивын аян зохион байгуулж  Б.Ариунболор охины гэр бүлд 10 мянга доллар шилжүүлэн өгчээ. Тэрээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандивын аянд оролцсон бүх хүмүүст баярлаж, талархсанаа илэрхийлсэн бөгөөд удахгүй шинэ байрандаа орохоор болсноо хэлсэн юм.

Б.Ариунболор охины гэр бүлд Нисэхд байрлах “Сөүл Гардэн” хотхоноос 120 сая төгрөгөөр үнэлэгдэх 64 мкв байр санал болгосон бөгөөд ирэх арваннэгдүгээр сард ашиглалтанд орох ажээ. Мөн шүдний эмнэлэгүүд тус гэр бүлийн арван хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж өгөхийн дээр “Сүү” ХХК-аас хүүхэд бүрт 500 ширхэг хувьцаа өгөхөөр болсон байна.