Тээврийн товчоодоор 24 цагийн эргүүл ажиллана

Тээврийн товчоодоор 24 цагийн эргүүл ажиллана

Нийслэлийн авто тээврийн товчоодоор наймдугаар сарын 15-аас аравдугаар сарын 15-ныг хүртэл тарваган тахлын аюулаас сэргийлэх ажлуудын хүрээнд 24 цагаар хяналт үзлэг, тандалтын эргүүл ажиллахаар болжээ. Авто тээврийн товчооноос гадна нэмэлтээр Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод эргүүл гарч ажиллах юм байна.

Түүнчлэн энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн байна.  Мөн гэнэтийн шалгалтаар БГД-ийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б хоёр тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлжээ.

Улмаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ил шархгүй үхсэн тарвага байсныг олж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, сэг зэмээр нь оролдохгүй байх, тээвэрлэж явахгүй байхыг анхаарууллаа.