Байгаль хамгаалагчдад мотоцикл гардууллаа

Байгаль хамгаалагчдад мотоцикл гардууллаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Тусгай хамгаалалттай газар нутгийн  хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд шинэ мотоцикл гардууллаа. "Нүүдэлчин-ZS200-6" маркийн эдгээр мотоциклийн нийт өртөг 411 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс гарган байгаль хамгаалагчдыг унаажуулж байгаа юм байна.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Бид байгаль хамгаалагчдыг энэ онд багтаан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа машинаар гурван үе шаттай хангахыг зорьж байна" гэв.  

Тусгай хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид 2014 оноос хойш мотоциклоор хангагдаагүй иржээ. Харин 2017 онд "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-ийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын техник-материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3.85 тэрбум төгрөгөөр машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулсан байна.