Ө.Энхтүвшин Франц, Л.Элдэв-Очир Солонгос хэлтэй юу

Ө.Энхтүвшин Франц, Л.Элдэв-Очир Солонгос хэлтэй юу

Энэ жилийн улсын их хурлын сонгууль өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд улс нийтээрээ болж өнгөрсөн билээ. Тус сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж , УИХ-аас 62 суудал авсан юм. Сонголт хийсэн ард түмэн төрийн менежментийг илүү сайжруулаасай, улс орны эдийн засаг, гадаад харилцааг илүү өргөжүүлээсэй гэх итгэлээр тэднийг сонгосон нь мэдээжийн хэрэг. Гэвч МАН-ын албан тушаалын томилгоо, халаа сэлгээ үргэлжилж дуусахгүй нь бололтой. Тодруулбал, Ерөнхийлөгч, Засгийн газар ирэх аравдугаар сард Монгол Улсаас зарим оронд суугаа Элчин сайдыг эргүүлэн татаж, орны хүмүүсийг томилохоор төлөвлөжээ. Үүний дотор хэд хэдэн нөлөө бүхий улстөрчдийн нэр багтсан бөгөөд иргэдийн эгдүүцлийг хамгийн их хүргэсэн нь Шадар сайд асан Ө.Энхтүвшин.

-ЭЛЧИН САЙД, КОНСУЛЫН ТОМИЛГОО НЬ НАМЫН ШАГНАЛЫН АЛБАН ТУШААЛ БОЛЖ ХУВИРСАН УУ-

Тэрээр сонгуулийн дараахан Францад Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдаар томилогдсон бөгөөд энэ жилийн сонгуульд нэр дэвшээгүй юм. Түүний хувьд түүхч, сэтгүүлч мэргэжилтэй ба 2000 оноос хойш УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,  Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд зэрэг албан тушаалуудыг тус тус хашиж байв. Энэ мэдээ гарсанаас хэдхэн хоногийн дараа дахин нэг улс төрийн томилгоо гарч хүмүүсийн эгдүүг хүргэсэн нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилсон явдал байв. Шинэ ЗГ-аас удаа дараа иймэрхүү шийдвэр гаргасан нь “тэдний ялалтын баярын бялуу хуваалт байв уу, элчин сайд консул гэдэг нь намын шагналын албан тушаал юм биш үү, ийм албан тушаалд томилогдох мэдлэг, туршлагатай хүн мөн үү” гэх мэт эргэлзээг иргэдийн зүгээс төрүүлж эхэлсэн билээ.

УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын хувьд инженер мэргэжилтэй бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. Франц, Солонгос улсуудад элчин сайд, консулаар томилогдсон Шадар сайд асан Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир нарын хувьд англи, орос хэлтэй хэмээн намтартаа дурдсан байдаг.

-ЭЛЧИН САЙД, КОНСУЛЫН АЛБАН ТУШААЛЫГ ЯМАР ХҮН ХАШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ-

Элчин сайд гэдэг нь юун түрүүнд дипломат албан тушаал буюу мэргэжлийн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл энэ албан тушаалыг мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн, тухайн орныхоо хэл, түүх соёлыг хангалттай судалж, мэдсэн,  туршлагатай дипломатч хүн хаших учиртай. Чухамхүү олон улсын харилцааны мэргэжилтэй, салбарынхаа шатлан ахих шалгуурыг давсан дипломат албаны ахлах албан тушаалтан хүмүүс улс орноо төлөөлөн элчин сайдаар томилогддог нь дэлхий нийтийн жишиг юм. Энэ нь тухайн улсын дипломат албаны нэр хүндийг илтгэх нэг тод үзүүлэлт, нөгөө талаар харилцагч улсаа хүндэтгэж буйн илэрхийлэл. Учир нь нь нэгэнт томилогдсон элчин сайд хүн тухайн улс, олон улсын байгууллагад адил мэргэжлийн хүрээлэлд, дипломат корпуст орж, улс орныхоо хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэхийг чухалчлан суугаа улсынхаа төр, засаг, олон нийтийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллах шаардлага тулгардаг. Харин манай улсын хувьд  дээрх шалгуур алдагдаж, угаас харьцангуй цомхон Монголын дипломат албыг улстөрчдийн нөлөөллөөс ангид байлгаж чадахгүйд хүрсээр удаж байна. Дипломат албаны ахлах дээд албан тушаалтан болох элчин сайд нарын томилгоо тухайн хүний мэргэжлийн шалгуурын хувьд оновчгүй, томилох процедурын хувьд дэлхий нийтийн жишгээс гажих болсонд дипломат албаныхан ч, өргөн олон нийт ч дургүйцэх хандлага лавширсаар уджээ. Үүгээр ч зогсохгүй оновчгүй хүмүүсийг дипломат албан тушаалд томилсноор сүүлийн жилүүдэд монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд муудсаар байгаа нь бодит үнэн. Саяхан л гэхэд монгол улсын дипломатч хар тамхины хэргээр Герман улсад ял эдэлхээр болсон.

Иймээс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах, хөгжлийн гадаад таатай орчинг бий болгоход бүх салбарт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй дипломат албыг ямагт бэхжүүлж, даяаршил, харилцан хамаарлын өнөөгийн орчинд гадаад харилцааны үүрэг, жин, нөлөөг нэмэгдүүлэхийн чухлыг харгалзан үзэж мэргэжлийн, чадварлаг боловсон хүчинг уг албанд зүтгүүлэх нь зүй бус гэж үү Монгол улсын Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч өө..?




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө