Мөнгө идэж ханасан бол Дарханы замаа тавьж эхлэх үү, дарга нар аа

Мөнгө идэж ханасан бол Дарханы замаа тавьж эхлэх үү, дарга нар аа

Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийг зорих иргэдийн цуваа дуусашгүй. Тус чиглэлийн замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн тооцоо бий. Гэвч өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн шинэ зам тавих нэрийдлээр хуучин замыг хуулж хаяснаар олон иргэд амь насаараа хохирч, машин техникээ хэмхлэв. Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасны дагуу тус замын хоёр эгнээг сэргээн засварлах, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон юм. Ингэхдээ замыг таван хэсэгт хувааж засварлахаар, гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт явуулан, тус тендерт БНХАУ-ын таван компани шалгарсан байдаг.

-ЗАМЫН АШИГЛАЛТ, ЗАСВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Х.ОРГИЛ-ЭРДЭНЭ ЭХНИЙ БАГЦ ЗАМЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХЭЭР ШАЛГАРСАН ХЯТАД КОМПАНИАС ХАХУУЛ АВСАН НЬ ТОГТООГДОВ-

-I багц 22-ын товчооноос Хар модотын даваа хүртэл 45.5 км /HEILONGJIANG JINYI ROAD AND BRIDGE CO. LTD/

-II багц Хар модотын даваанаас цааш 45 км /CHINA STATE CONSTRUCTION XINJIANG/

-III багцад дараагийн 45.7 км /GUIZHOU HIGHWAY ENGINEERING GROUP CO. LTD/

-IV багцад дараагийн 45.5 км / CHINA STATE CONSTRUCTION XINJIANG /

-V багцад үлдсэн 30.5 км зам хамаарч байна. /CHINA GEO-ENGINEERING CORPORATION/

Харин тендерийн шалгаруулалт явагдаж дуусав уу үгүй юу манай дарга нарын идэж, уух ажил эрчимжэв. Тодруулбал, ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ эхний багцаас л мөнгө идэж эхэлсэн нь баримтаар нотлогдсон бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө 20 мянган юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан юм. Тэрбээр Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний хахууль авсан нь баримтаар нотлогдсон. Харин түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай юм орхиод зугтаасан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн зарим хэвлэлд тодотгосон юм. Ингээд эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт зааснаар Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 7000 нэгж буюу долоон сая, БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэнээр уг хэрэг дуусгавар болов.

-АНХНААСАА Л ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН АЖИЛ ШУДАРГА БУС БОЛЖ ӨНГӨРЧЭЭ-

Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон шинэ гишүүн Г.Дамдинням “Дарханы замын 2,4-р багцыг аваад огт ажил хийхгүй шалтаг тоочиж байгаа БНХАУ-н компаний талаар тус улсын элчин сайдаас тодруулахад "Танай тал энэ шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, туршлага, хүн хүч, техникийн боломж муу компанид яагаад энэ ажлыг хариуцуулах шийд гаргасан нь сонин байгаа. Манай улсын зүгээс тус компанийн эздийг олж ажлаа шуурхай явуулахыг анхааруулсан байгаа. Ажлыг дуустал бүх ерөнхий гүйцэтгэгч компаниудад хариуцлагатай ажлаа дуусгах тал дээр анхаарч ажиллана" гэж хэлсэн” хэмээн өөрийн твиттер хуудсандаа нийтэлсэн. Гэвч энэ бол өмнө нь байж л байсан асуудал.

Анхнаасаа л Дарханы замын тендерийг зарлахдаа “монголын авто замчдаа дэмжсэн ямар нэг бодлого заалтуудыг оруулаагүй, тендер зарлахдаа хятадын компаниудад илүү уян хатан нөхцлийг бүрдүүлж өгөн, будлиантай эхэлсэн ажил” хэмээн олон хүн шүүмжилдэг. Уг замын ажлыг Азийн хөгжлийн банкны 84 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгаа бөгөөд дахин “түр зам” тавихаар тус банкнаас 6.4 сая ам доллар авчээ. Тэгэхээр бид одоо 6.4 сая ам.долларын санхүүжилтээр боссон “түр замаар” зорчиж, амь нас, машин техникээ эрсдэлд оруулсаар байна гэсэн үг.

-БИДНИЙ ОДОО ЗОРЧИЖ БУЙ “ТҮР ЗАМ”-ЫГ БАРИХААР АХБ-ААС 6.4 САЯ АМ ДОЛЛАР, УЛСЫН ТӨСВӨӨС 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ-

Мөн шинэ зам барих шийдвэр гарав уу үгүй юу 200 км гаруй замыг бүхлээр нь хуулж хаясан нь сайд дарга нарын бодлого, төлөвлөгөөгүй занг илтгэнэ. Учир нь Дарханы зам бүхэлдээ муудчихсан байсан уу гэвэл, үгүй. Одоогийн там болсон замын хажууд шинэ замтай л ижил байв.  Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуусах байсан замын ажил энэ мэтчилэн цалгардсаар өдгөө 2020 оны есдүгээр сар гарах гэж буй нь харамсалтай. Харин энэ хугацаанд замын засвар, шинэчлэлтийг хийх төлөвлөгөө дөрвөн сайдын гар дамжжээ. Ямартай ч энэ бүх шалтаг, шалтгаан, хахууль, луйвар бидний мэдлээс хэтэрсэн. Бидэнд зөвхөн аюулгүй зорчих шинэ зам байг гэхэд “түр зам” л хэрэгтэй байна дарга нараа...!




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө