Н.Ариунсайхан: Сайхан үр хүүхэд төрүүлснийхөө төлөө элдэв, муухайгаар хэлүүлж байгаадаа гомдолтой байна

Н.Ариунсайхан: Сайхан үр хүүхэд төрүүлснийхөө төлөө элдэв, муухайгаар хэлүүлж байгаадаа гомдолтой байна

Энэ долоо хоногт алдарт эхийн одон авсан нэгэн бүсгүйн зураг цахим ертөнцөд хүчтэй давалгаалав. Наймдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн алдарт эхчүүдэд одон гардуулах үйл ажиллагаанд оролцсон билээ. Тэр үеэр өөрийнхөө зургийг дарж буй нэгэн залуухан ээжийн зураг худал тайлбартайгаар цахим орчинд тарсан бөгөөд үүний улмаас багагүй маргаан, үл ойлголцол хүмүүсийн дунд үүссэн юм. Тодруулбал, 30 настай бүсгүйн зургийг “23 настай залуу ээж” гэсэн тайлбартай цацсанаар хүмүүсийн дунд томоохон маргаан дэгдсэн билээ. Улмаар сошиал ертөнцөөр дамжуулан тус бүсгүйн нэр хүндэд ноцтойгоор халдах явдал гаарч, түүний баярын шагналыг гомдол, гунигаар солив. Ингээд бид түүнтэй холбогдож болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-БИ АНХНЫ ОХИНОО 21 НАСТАЙДАА ТӨРҮҮЛЖ БАЙСАН, ДӨРВӨН САЙХАН ХҮҮХДИЙН ЭЭЖ ХҮН-

-Сайн байна уу. Юуны өмнө “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасанд нь баяр хүргэе?

-Сайн. Сайн байна уу. Баярлалаа. Нэлээн эвгүй дуулиан, шуугиантай л одон авлаа даа.

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө товч танилцуулаач. “Алдарт эх”-ийн хэддүгээр одон авсан бэ?

-Намайг Н.Ариунсайхан гэдэг, 30 настай. Би дөрвөн сайхан хүүхдийн ээж. Сая хоёрдугаар одон авсан. Анх Өмнөговь аймгийн Ханбогд суманд Сэлэнгэ аймгаас бэр болж ирж байлаа.

-Хүүхдүүд нь хэд хэдэн настай вэ. Анхны хүүхдээ хэдэн настайдаа гаргаж байв?

-Том охиноо 21 настайдаа гаргаж байсан. 2 охин, 2 хүүтэй. Одоо том охин минь 9 настай, хүү маань 6, бага охин 3, бага хүү маань нэг ой, долоон сартай.

-Багагүй шуугиан тариад байгаа таны зураг анх хаанаас цацагдаж, олон нийтэд ил болсон юм бэ. Та анх яаж мэдэв?

-Энэ зургийг би тавигдаад хэд хоносных нь дараа л мэдсэн. Энэ сарын 12-ны өглөө гэсэн үг. Намайг өөрийнхөө зургийг дарж байх үед авсан байсан. Би мэдээгүй. Хамгийн анх “Аархал”гэсэн хуудсан дээрээс цацагдсан байсан. Тэгээд би тэр хуудас руу залгаад хэлтэл уучлалт гуйгаад, залруулга хийж өгсөн л дөө. Гэхдээ аль хэдийн их хандалт авчихсан байсан. Муухай хүмүүсийн хэл аманд ингэж их өртөж байгаа нь үнэхээр хэцүү байна.

-ХЭНД Ч БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ МУУХАЙ ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМАНД ӨРТӨЖ БАЙГААДАА ҮНЭХЭЭР ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА-

-Анх мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Сайхан үр хүүхэд төрүүлснийхөө төлөө ингэж элдэв, муухайгаар хэлүүлж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Анх мэдээд сүртэй хүлээж аваагүй л дээ. Багахан андуурал гарсан юм шиг байна гээд л өнгөрсөн. Гэтэл манай гэр бүлийнхэн, найз нөхөд гээд намайг таньдаг хүмүүс бүгд надруу залгаж эхэлсэн. Ингэж бичсэн байна, тэгсэн байна гээд л. Сүүлдээ утсаа харахаас ч айж байна. Тэгээд л тэр хүмүүст маш их гомдож, сэтгэл санаагаар унасан. Бүхэл бүтэн зургаа тавиулчхаад хүмүүст муулуулна гэдэг чинь ямар сайхан байх вэ дээ. Хэнд ч гэм хийлгүй байж байгаад сошиалаар ингэж доромжлуулна гэдэг чинь үнэхээр аймар байдаг юм байна. Ер нь бол би энэ зургийг тавиад, ингээд сошиалаар явуулаад өгөөч гэж хэнээс ч гуйгаагүй. Өөрсдөө дур мэдэж, хүний зураг тавьчихаад хүнийг ийм байдалд оруулна гэдэг чинь буруу зүйл шүү дээ.

-Хүүхэд гэдэг бол мэдээж гэр бүлд аз жаргал авчирдаг хамгийн том бэлэг байдаг шүү дээ. Зарим хүмүүс энэ талаас нь харж байсан ч зарим нь хүчтэй шүүмжилж байх шиг харагдсан?

-Нас бол хэнд ч хамаагүй. Үр хүүхэд гэдэг чинь хамгийн нандин, сайхан хайр байдаг юм. Энэ хайрыг хэдэн насандаа яаж бүтээх вэ гэдэг нь тийм чухал биш. Хариуцлагатай байх нь л хамгийн чухал. Ээж болно гэдэг хамгийн том хариуцлага байдаг. Зүгээр нэг хүүхэд гаргаад байна гэсэн асуудал биш шүү дээ. Хүүхдээ төрүүлнэ, өсгөнө, хайрлана, хамгаална гэдэг хамгийн чухал зүйл. Би хүүхдэд маш их хайртай. Дөрөв байтугай ч төрнө гэж боддог хүн.

-НӨХӨР МААНЬ АНХ ТЭР ЗУРГИЙГ ХАРААД “МИНИЙ ХАНЬ ЧИНЬ УГААСАА Л ЗАЛУУХАН ХАРАГДДАГ, САЙХАН ЭМЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН-

-Шүүмжилж буй хүмүүсийг харахад “олон хүүхэд гаргаад гэрийн авгай болчихсон, ажилгүй, төлөвлөгөөгүй олон хүүхэд гаргах буруу гэх мэтээр бичсэн байсан л даа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь миний зураг л ингэж цацагдаж, хандалт авчихсан болохоос надтай адилхан хүүхэд гаргасан ээжүүд олон байгаа шүү дээ. Хүмүүс “олон хүүхэд гаргалаа, сургууль соёлоо төгсөөгүй байж” гэх мэтээр ярьдаг. Гэхдээ миний хувьд бүх зүйлээ амжуулаад, гэр бүлээ сайхан авч, сайн ээж гэж өөрийгөө боддог. Миний хувьд хүүхдээ төрүүлээд зүгээр суулгүй хоёр сар болоод л ажлаа хийж эхэлсэн. Би бялуу, бейкэри чиглэлээр ажилладаг. Энэ сумандаа л гэхэд таван жил дарааллан бялуу, бейкэри хийж байна. Хүүхдүүдээ хараад, хажуугаар нь ажиллахад надад өдөр хоног, цаг хугацаа маш бага юм шиг санагддаг.

- Гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ?

-Нөхөр маань анх хараад “миний хань чинь угаасаа л залуухан харагддаг сайхан эмэгтэй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд “миний хань залруулж хэлээд орхичих оо” гэсэн юм. Гэтэл бүр үнэхээр их хандалт авчихсан байсан.

-Одоог хүртэл таны зурагны хандалт буурахгүй л байна. Түүн дотроос илтэд доромжилсон үг хэллэг ашигласан хэд хэдэн хүнийг хүмүүс шүүмжлээд эхэллээ?

-Тийм ээ, тэгж байна. Миний хувьд нутаг орондоо хүнд буруу, муу зүйл хийж явсан удаа үгүй. Сайн найзууд, сайхан хамт олондоо хүндлэгдэж явдаг эмэгтэй. Тийм ч учраас “Эмэгтэйчүүдийн холбоо”-ны хамт олон миний нэр хүндэд халдсан тэр хүмүүсийг холбогдох байгууллагуудад нь гомдол гаргаж, өгнө гэсэн. Энэ бол ганцхан намайг ч биш бүх сайхан ээжүүд, хүндтэй шагнал авсан эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон явдал болсон шүү дээ. Цаашлаад миний гэр бүл, үр хүүхэд, ханийг минь ч доромжилж, нэр хүндэд нь халдсан.

-Ярилцсанд баярлалаа.