1072 хувьцааны ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэв

1072 хувьцааны ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэв

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны эхний хагас жилийн “Санхүүгийн зах зээлийн тойм”-ын талаар мэдээллээ. Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашгийн талаар  СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш "Компанийн ТУЗ-ын зүгээс ногдол ашиг тараах шийдвэр Компанийн тухай хуулийн хүрээнд гарсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр /ҮЦТХТ/ дамжуулж тараагдана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. 2.5 сая иргэнд ногдол ашиг тараана гэдэг бол маш онцгой кейс. Тэгэхээр нэлээд бэлтгэл ажил хийгдэх шаардлагатай болсон. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж хэлж болно.

Эхний ээлжинд үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар нь ногдол ашгийг нь тараана. Нэг сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болчихсон.

Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь, 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хангаж байна. ЦТХТ-өөс тус байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараагдахад бэлэн болчихсон" гэлээ. 

Түүнчлэн СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц  "Өмнө нь ингэж 100 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийн мөнгө тарааж байсан тохиолдол манайд байхгүй. Үндсэндээ Эрдэнэс Тавантолгой ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна.Үнэт цаас олгогч компанийн ТУЗ-ийн шийдвэр гарчихсан. Тэгээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн.

Гэрээний дагуу үе шаттайгаар Эрдэнэс Тавантолгой ХК-аас мөнгө нь шилжиж байгаа ба одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна.

Үлдсэн төлбөрийг нь Эрдэнэс Тавантолгой ХК нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд тараагдах үйл явц эхэлнэ" гэв.