Бэрх тосгонд гарсан уурхайн ослын эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна

2020-08-15 13:19

Бэрх тосгонд гарсан уурхайн ослын эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2020.08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагч мөн өдрийн 20:10 цагт осол болсон газар очиж, ослын газарт дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ 2 хэсэгт хуваан 2, 2 цагаар сэлгэн ажиллуулж байна.

Тус уурхайн 40 орчим метр гүнд хонгилд шороо нурсан. Осолдогчид хоорондоо 5 метр зайтай хонгилд байж болзошгүй байгаа бөгөөд уурхайн хонгилд суулт өгсөн, шороо дахин нурах эрсдэлтэй байна.

Мөн өнөөдөр буюу 2020.08.15-ны өдөр ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар замд гарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2020-08-15 08:23

Бэрхийн уурхайд дэлбэрэлт болж уурхайчин амиа алдсаныг нууцалж байна уу

1954 онд Бэрхийн уурхайг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байгуулан хүн амын суурьшлыг бий болгосон байна.  Улмаар тус уурхай 1995 оныг хүртэл Монгол Улсын экспортолж буй жоншны 75 хувийг дангаараа бүрдүүлж иржээ. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус газарт саяхан ажиллах үеэр “уурхайн үйл ажиллагааг сэргээн ажиллуулж, уурхайг түшиглэн анхны далд уурхайн музей, сургалтын бааз байгуулан боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байна” талаар мэдээлж байсан юм.

Тэгвэл Бэрхийн уурхайд өнгөрөгч шөнө осол гарч, хоёр хүн дарагдсан. Улмаар тус ослыг нууцалж, Бэрх тосгоны утасны 3G сүлжээг хаагаад байгаа талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж эхэллээ. Харин энэ талаарх албан мэдээлэл төрийн байгууллагуудаас одоог хүртэл гараагүй байна. 

Сонирхуулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын дараа буюу энэ оны гуравдугаар сард музейн удирдах хорооны гишүүд  ажлын явцаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулж, уг музей нь газрын доорх малталт, уулын ажлын дарааллыг бодит үзмэрүүдээр харуулах музейн төлөвлөгөөгөө танилцуулж байжээ. 

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно. 




Улаанбаатарт 23 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө