Эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангана

Эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа.

Эрчим хүчний яаманд ажиллах үеэр сайд Н.Тавинбэх салбарын өнөөгийн байдал, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад нийт 2267 ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн өдрийн байдлаар бэлтгэл ажил 77.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилт 49.9 хувийг хийжээ.

Цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1473МВт байна. Үүнээс дулааны цахилгаан станцууд 1200МВт буюу 81.5 хувь, сэргээгдэх эрчим хүч 276МВт буюу 15.8 хувь, дизель станц 2МВт буву 0.1 хувийг тус тус эзэлж байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх талаар танилцуулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас эрчим хүч, нефть, хүнсний өргөн хэрэглээг дотоодоос хангах тэргүүний зорилт тавин ажиллаж байгааг хэлээд “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарал тавьж байгаа гэлээ. “ЭДЦС” ТӨХК, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд ч чухал ач холбогдолтойг сануулсан юм. Мөн системийн горим тохируулгад уян хатан ачааллах чадвартай, өртөг бага, байгаль орчинд ээлтэй байдаг учраас усан цахилгаан станцуудыг барьж, байгуулах шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахыг зөвлөв.

Уулзалтын төгсгөлд төрийн албанд ажиллаж байгаа ажилчид хүнд сурталгүй, үнэнч шударга, дэг журамтай ажиллахыг сануулаад цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Харин  Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр улс орноо хөгжүүлэхийн тулд ямар бодлого, зорилт хэрэгжүүлэх талаар ярилаа. Тэрбээр дараах долоон зорилтыг дэвшүүлэв.

У.Хүрэлсүх: Ойрын 8-12 жилийн хугацаанд эх орноо хөл дээр нь босгох шаардлагатай байна. Үүний тулд нэгдүгээрт, эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэглээг бүрэн дүүрэн хангах.

Хоёрдугаарт, шатахууныхаа хэрэглээг дотоодоосоо хангадаг болох. Тиймдээ ч газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Энэ төсөл одоогоор амжилттай хэрэгжиж байна.

Гурвдугаарт, хүнснийхээ хэрэглээг дотоодоосоо хангах. Бид магадгүй элсэн чихэр, цагаан будаа, шар будаа ургуулж чадахгүй байх. Бусдыг нь бол бид дотооддоо үйлдвэрлэж чадна.

Дөрөвдүгээрт, цементнийхээ хэрэглээг дотоодоо хангах нь чухал. Одоогийн байдлаар энэ чиглэлд томоохон үйлдвэрүүд ашиглалтад оруулсан.

Тавдугаарт, Гангийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Тэгж чадвал монголчууд хямд орон сууцанд сууна. Барилга байгууламжийн үнэ буурна.

Зургадугаарт, зам тээврийн дэд бүтцийг сайжруулах. Засгийн газар Дорнод аймгийн Эрээнцаваас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэл төмөр зам тавихаар төлөвлөсөн. Ингэснээр ОХУ, БНХАУ-ыг төмөр замаар холбосон боомттой болно. Мөн энэ жил 21 аймгаа нийслэлтэй авто замаар холбож дуусна. Цаашлаад бүх суурин газрууд руу авто зам тавина.

Долдугаарт, мэдээлэл, тенхологи, харилцаа холбооны асуудал. Монгол Улсыг хөгжүүлэхэд энэ маш чухал. Нутаг дэвсгэр дээгүүрээ аалзны тор хэрсэн мэт мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох ёстой. Иргэд хаанаас ч төрийн үйлчилгээг шууд авдаг болох ёстой. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлсэн цагт Монгол Улс хөгжинө. Боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудал ч шийдэгдэнэ. Эдгээр зорилт нь монгол хүний эрүүл мэнд, мэдлэг боловсролтой шууд холбоотой. Энэ бүхнийг төрийн албан хаагчид та бүхэн монгол төрийн бодлого гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.