ХӨШИГНИЙ АРД: МАН Гүйцэтгэх ажиллагааны хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна уу

ХӨШИГНИЙ АРД: МАН Гүйцэтгэх ажиллагааны хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна уу

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь тагнаж, чагнасан хэргийг шалгуулахаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан. Тэрбээр өргөдөлдөө МАН-ын удирдах түвшний албан тушаалтан /нэр дурдаад/ гүйцэтгэх ажиллагааг захиалсан гэж бичсээд холбогдох баримтуудыг хавсаргасан гэдэг. Тусгай хяналтын дэд хороо түүний өргөдлийг хянаад прокурорт шилжүүлсэн юм. Тэгэхээр одоо түүний өргөдөл прокурорт хянагдаж байна гэсэн үг.

Уг хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Түүний дараагийн даргыг ч даруйхан томилсон. Уг үйл явдлын дараа Хууль зүйн сайд Ц.Нямбаатар хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Тагнуулын байгууллагын удирдлагууд сэтгүүлчдэд авлига өгч /айфон утас/ гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тиймээс тэдний хууль бус үйлдлийн баримтыг дэлгэнэ” гэж мэдэгдсэн билээ.

Энэ бүх халаа, сэлгээ, Л.Оюун-Эрдэнийн өргөдөл, Хууль зүйн сайд Ц.Нямбаатарын мэдэгдэл зэрэг шил дараалсан үйл явдал нь санаандгүй биш бөгөөд төлөвлөгөө ёсоор сценарын дагуу явагдаж буй ажил л юм.

Тухайлбал, дээрх үйл явдлууд нь МАН-ын тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залуусын хагарал, хэрүүл хурцадсаныг илтгэнэ. Дэлгэрүүлбэл ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх өрсөлдөнө. Хэрвээ тэр Ерөнхийлөгчөөр сонгогдвол МАН-ын дараагийн дарга, Ерөнхий сайдаар хэн томилогдох вэ гэдэг нь одооноос МАН-ын зовлон болж байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар уу эсвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үү гэдэг хувилбар л бий. Тиймээс л Г.Занданшатар нь өөрийн “хүн” гэгддэг Д.Гэрэлээр Л.Оюун-Эрдэнийг тагнуулсан байх магадлалтай болж байна.

-ЕРӨНХИЙ САЙД МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСҮҮДИЙГ ДЭРГЭДЭЭ
БАЙГУУЛАХ ЭРХТЭЙ БОЛОХ УУ-

Энэ асуудал нэгэнт эрх баригч намд өндрөө авсан учир МАН-ынхан Гүйцэтгэх ажиллагааны тухай хуульд нэлээдгүй өөрчлөлт оруулахаар бэлтгэж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Мэдээллээр, Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг өөрчилж одоогийн алдаатай асуудлыг дахин гаргахгүйгээр засах хэмээн үзэж байгаа аж. Уг хуулийг өөрчилснөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АТГ, Тагнуулын ерөнхий газар гэх мэт хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах хэлтсийг салгаж дэргэдээ байгуулах боломжтой болох аж.

Ганц Л.Оюун-Эрдэнэ гэлтгүй МАН-ын маш олон албан тушаалтанг тагнаж, чагнасан байх магадлалтай гэж тус намынхан хардаж байгаа аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн долоодугаар сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өрөөнд тагнуулын байгууллагын ажилтан нууцаар нэвтэрч чагнах төхөөрөмжөө сольж байгаад баригдсан байх магадлалтай байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг хэргийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын өрөөнд Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч нэвтэрсэн гэж мэдээлсэн. Хачиртаа бол уг хэрэг С.Наранцогт бус Ч.Хүрэлбаатартай холбоотой гэж МАН-ын дотооддоо ярьж байгаа аж. Энэ мэт гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудал их гарч байгаа учраас холбогдох хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буй бололтой.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө