СУРВАЛЖИЛГА: УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам тавина" гэж амлаад хоёр сар өнгөрчээ

СУРВАЛЖИЛГА: УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам тавина" гэж амлаад хоёр сар өнгөрчээ

"УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн IV хороо, Хил хамгаалах газрын баруун урд 1,8 га газарт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав" гэсэн гарчигтай нийтлэл сонгуулийн үеэр хэвлэлүүдээр гарч, олон хүний талархлыг хүртэн, түүний сонгуулийн имиджийг бүрдүүлж, нэр хүндийг нь ч өсгөсөн үзүүлэлт болж байв. Түүнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга гэдгээр нь хүмүүс андахгүй биз ээ.

Гэтэл сонгуулийн дараа тус цэцэрлэгт хүрээлэн хаалгаа барьсан нь "Эрхэм гишүүний сонгуулийн шоу болж өнгөрөв үү" гэсэн хардлагыг төрүүлж, уурлаж бухимдсан иргэдийн дуу хоолой цахим орчинд багагүй "хадаж" байлаа. Бид энэхүү мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүрэгт байрлах бичил цэцэрлэгт хүрээлэнг зорьж, сонгуулийн үеэр нээлтээ хийчхээд яагаад удалгүй хаасан шалтгааныг тодруулахаар очив.

Биднийг очиход үнэхээр л цэцэрлэгт хүрээлэн гэсэн нэрэндээ тохирохуйц, саруулхан, цэвэр цэмцгэр, сагс, хөлбөмбөгийн талбай, дасгалын төхөөрөмж бүхий, тохилог орчин угтав. Үүдээр оруут л хүүхдүүд бужигнан, залуус дасгал хийж, гүйж яваа харагдав. "Цэцэрлэгт хүрээлэн ажиллаад эхэлчихсэн юм уу" гэж хүүхдээ салхилуулж буй нэгэн бүсгүйгээс асуутал "Урд нь ирэхэд ажиллахгүй гээд оруулдаггүй байсан юм. Өнөөдөр гэнэт л хүмүүсийг оруулаад эхэллээ" гэв.

-ГҮЙЛТИЙН ЗАМ ТАВИНА ГЭЭД СОНГУУЛИЙН
ДАРАА ХААСАН ГЭВ-

Цэцэрлэгт хүрээлэнгийн харуул ахтай тааралдаж, учир явдлаа хэлтэл "Цэцэрлэгт хүрээлэн ажиллаж байгаад хаалгаа барьсан нь үнэн. Хоёр сар гаруйн өмнөөс хаагдсан. Нээлтээ хийгээд нэг сарын хугацаа өнгөрсөн ч гүйлтийн зам хийнэ гээд хаах шийдвэр гарсан. Гэхдээ хоёр сарын хугацаанд ямар ч ажил хийгдээгүй байна. Энэ хавийнхан байнга ирж, "хэзээ нээгдэх юм" гээд л асууж, шалгаан бухимдацгааж байгаа. Уг нь бүх зүйл нь бүрэн гүйцэт болчихсон, нүдээ олсон бүтээн байгуулалт хийгдсэн. Даанч төсөв мөнгө нь батлагдахгүй байгаа бололтой, гүйлтийн зам хийнэ гээд хоёр сар шахам үйл ажиллагаагаа явуулсангүй. Дээрээс өнөө маргаашгүй хийнэ гэсэн тайлбар өгдөг. Гэхдээ ийм тайлбар өгсөөр хоёр сар өнгөрчихлөө. Өнөөдөр харин бид албаар нээчихсэн юм. Олон хүн, хүүхэд, хөгшид "орж болох уу" гэж ирсээр байхад өөр арга байсангүй гэв.

-УГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ИРГЭДИЙГ ТӨЛБӨРТЭЙ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-

Цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулснаас хойш "Хилчдийн бахархал" биеийн тамир спортын клубийн ахмад тамирчид харж хандан, цэвэрлэгээ, эд зүйлсийн бүрэн бүтэн байдал зэргийг хариуцан ажиллаж байгаа аж.

Ахмад тамирчин Д.Баатархүү "Гүйлтийн зам тавьж дууссаны дараа үндсэн бүх ажил хийгдсэн гэж үзэж, хүлээлгэн өгөх ёстой юм. Наадмын дараа хаачхаад одоо хүртэл нээгээгүй байна. Дотоод журам зэргийг бүгдийг нь гаргаад өгчихсөн. Одоо харин иргэдийг төлбөртэй оруулах эсэхийг иргэдийн хурлаар шийднэ гэж байгаа юм байна лээ. Бас цэцэрлэгт хүрээлэнг цэвэр, цэмцгэр эд хөрөнгийг нь бүрэн бүтэн байлгах, ариун цэврийн өрөө цэвэрлэх зэрэгт ажиллах 11 хүн шаардлагатай болж байгаа юм.

Нээлтээ хийснээс хойш ойр хавийн айлууд цонхоороо хогоо шидчихдэг, орж ирсэн хүмүүс сандлын боолт тайлаад аваад явчихдаг, архины шилээ талбайд хаях зэрэг зөрчлүүд байнга илэрдэг болсон. Иргэдийн мэдэлд ингээд зөнд нь орхичихвол сарын дараа гэхэд л энэ цэцэрлэгт хүрээлэн балгас болно. Тиймээс хүрээлэнг харж хандах ажилчид зайлшгүй хэрэгтэй. Манай хамгаалагчид хоёр сарын хугацаанд цалингүй сайн дураараа ажиллаж байгаа. Иргэд өөрсдөө "Бид төлбөрөө төлье та нар яаж цалингүй ажиллах юм" гэдэг. Хамгийн гол нь энэ сайхан талбайг харж хандах нь чухал байна. Хэрэв ашиглалтад орчихвол олон хүний эрүүл мэнддээ анхаарах нөхцлийг бүрдүүлнэ шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт захирагчийн албаны дарга ирж, уулзаад явсан. Хэдий ийм ч одоог хүртэл замын ажил эхлээгүй байна" гэлээ.

Нээлтээ хийснээс хойш хог хаях, сандал эвдэх, архи тамхины цэгээ болгох гэх мэт багагүй зөрчлүүд илэрсэн ч ахмад тамирчид нэгдэн энэхүү нийтийн эзэмшлийг хамгаалж буй нь бахархмаар. Цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор олон хүн ажлын байртай болохын сацуу, иргэд ч амарч тухлах нэг ч гэсэн газартай болж буй нь сайшаалтай юм. Гэвч дугуйн зам хийх ажил хоёр сар сунжирчээ. Хэрэв эрхэм гишүүн эхэлсэн ажлаа дуусгавал төд удалгүй энэ хавийнхан гэлтгүй өнгөрч явсан нэгэн ч амарч тухлах, спортоор хичээллэх тохилог, цэвэрхэн хүрээлэнтэй болох нь.