Хүүхэд харах үйлчилгээг энэ сарын сүүлээр эхлүүлнэ

Хүүхэд харах үйлчилгээг энэ сарын сүүлээр эхлүүлнэ

УИХ дахь эмэгтэй гишүүд төсвийн тодотголд Хүүхэд харах үйлчилгээний зардалд зориулсан хоёр тэрбум төгрөгийг суулгуулсан хэмээн мэдэгдсэн. Ингэснээр хоёр настнуудыг Хүүхэд харах үйлчилгээний төвд үнэ төлбөргүй харах боломжтой боллоо гэж байсан билээ. 

Тэгвэл уг ажиллагаа энэ сарын сүүлээр эхлүүлэхээр бэлтгэж ажлыг хангаж байна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдэгджээ. 

Тэрбээр "Боловсролын сайдын тушаалаар хүүхэд харах үйлчилгээ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд яамны холбогдох газар нэгж, Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд шат шатны байгууллагууд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Ийм учраас бид нар “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг бэлэн болгоод танилцуулах шатандаа явж байна. Бид цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэхдээ урт хугацаанд нэлээдгүй их бэлтгэлийг хангасан. Харин 2 настай хамгийн эмзэг, дархлаа сул насан дээрээ яваа хүүхдийг хүлээж авна гэдэг утгаараа орчин нөхцөл, ариутгал, халдваргүйжүүлэлтэндээ цэцэрлэг шиг шаардлагуудыг тавиад явж байна. Нэг хүүхдэд ноогдох талбай 2.5мкв хэмжээтэй, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд ноогдох, нэг хүүхэд харах төвд 15-аас дээшгүй хүүхэд байхаар зохион байгуулалтыг хийж байна. Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүдэд газар дээр нь очиж аюулгүй байдал, орчин  нөхцөлийг нарийвчлан үзсэний үндсэн дээр орчин нөхцөл бүрдсэн газрууд энэ үйлчилгээг явуулна" гэжээ.