Гахайтай андуурам “Beltex” хонь ХАА-н салбарт шуугиан тарьж байна

Гахайтай андуурам “Beltex” хонь ХАА-н салбарт шуугиан тарьж байна

“Хятадууд генийн өөрчлөлтөд оруулсан хонь болон  гахайн эрлийзийг гарган, махыг нь ОХУ-ын хиамны үйлдвэрт их хэмжээгээр нийлүүлж байна. Үүнийг хүнсэнд хэрэглэвэл хүний гений санг өөрчлөх аюултай” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж, шуугиан тарьж байлаа. Хальт харахад гахайтай төстэй харагдах уг хонь нь Бельги улсын Тексел үүлдрээс гаралтай бөгөөд европын өндөр хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйн салбартаа махны чиглэлээр ашиглаж байна. Тексел үүлдэр нь дэлхийн хамгийн алдартай топ гурван үүлдрийн нэг юм.

“Beltex” хонины түүх XX зуун буюу 1980 оноос эхлэлтэй. Анх Англичууд “Beltex ram” хэмээн нэрлэж, сүү, махны чиглэлээр өсгөж эхэлжээ. 

Дараа нь Бельгичүүд илүү боловсронгуй болгож, энгийн хонийг Тексел үүлдрийн хоньтой эрлийзжүүлснээр өмнөхөөсөө илүү махны гарзтай хонийг бий болгож чадсан юм. Улмаар Бельгээс Их Британи руу экспортолсноор орчин үеийн Beltex хонь үүссэн гэж хэлж болно. Beltex хонь нь энгийн хонийг бодвол богино ноостой, ихэвчлэн цагаан толгойтой байдаг. Дундаж өндөр нь 50 см, бөгөөд нас бие гүйцсэн хонинуудын жин нь 90 орчим кг хүрдэг аж. Энэхүү өвөрмөц төрхтэй хонины хамгийн давуу тал нь махнаас гадна эрс тэс уур амьсгалд дасан зохицохдоо энгийн хониноос хэд дахин илүү байдаг гэнэ. Харин үнийн хувьд 160-400 ам.долларын /450 мянгаас 1 сая төгрөгийн/хооронд худалдаалагддаг байна.