А.Навальныйг нисгэгчид болон эмч нарын хүчинд амьд үлдсэн гэж үзэж байна

А.Навальныйг нисгэгчид болон эмч нарын хүчинд амьд үлдсэн гэж үзэж байна

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сард Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр зорчиж явсан онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн билээ.

Тэгвэл сууж явсан онгоцных нь нисгэгч болон Омск хотын эмч нар хурдан шаламгай хөдөлсний хүчинд Алексей Навальный азтай тохиолдлоор эсэн мэнд гарч чадсан хэмээн “Die Zeit” сонин мэдээлжээ. 

А.Навальныйг “Новичок” химийн зэвсгийн нэгэн шинэ төрлийн бодисоор хордуулсан гэсэн дүгнэлтэд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Эмийн бүтээгдэхүүн, хор судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүрсэн бөгөөд өмнө нь танигдаагүй байсан энэүү шинэ төрлийн бодис нь “Новичок”-н бүлэгт хамаарах бусад төрлөөсөө үхэлд хүргэх хамгийн өндөр аюултайд тооцогдоно гэж Германы шинжээчид үзэж байна. Бодисын ул мөр А.Навальныйгийн гарнаас болон түүний ууж явсан усны савнаас илэрчээ.

“Энэ халдлагын цаана Оросын тусгай алба байсан гэдэгт Германы Засгийн газар эргэлзэхгүй байна. А.Навальный азтай тохиолдлоор амьд үлджээ. Түүний сууж явсан онгоцны нисгэгч болон Омск хотын эмч нар нэн даруй арга хэмжээ авснаар А.Навальный амьд гарчээ” хэмээн “Die Zeit” сонин тэмдэглэв.