Н.Төгсцогт зөвхөн “Алтан Дорнод Монгол”-ын логотой өмсгөлтэй тоглоно

Н.Төгсцогт зөвхөн “Алтан Дорнод Монгол”-ын логотой өмсгөлтэй тоглоно

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 19-нд буюу ирэх долоо хоногийн Бямба гарагт Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай хийх тов гараад буй. 

Тэгвэл Н.Төгсцогтын энэ удаагийн тоглолтын өмсгөлд дан ганц “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн лого байх ажээ. Учир нь мэргэжлийн боксын дэвжээнд өмнө нь хийсэн түүний тоглолтуудын өмсгөлд тус компанийн логоноос гадна, өөр олон спонсоруудын лого багтдаг байсан ч тэрээр энэ удаагийн тоглолтын өмсгөлдөө зөвхөн “Алтан Дорнод Монгол” компанийн логог байлгах шийдвэр гаргасан ажээ.

Н.Төгсцогтын өмсгөл

Тодруулбал, түүний амжилтууд “Алтан Дорнод Монгол” ХХК-тай салшгүй холбоотой, түүнийг мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавихад тус компанийн захирал Т.Ариунболд, Т.Ганболд нар мөнгө санхүү болоод бүх талаар дэмжсэн гэдэг. Тухайлбал түүний АНУ-д амьдрах нэг сарын зардалд тус компаниас сар бүр 15-20 мянган ам.доллар зарцуулж байсан гэх мэдээлэл ч бий.

Энэ бүгдийн хариу болгож Н.Төгсцогт тус компанийн захирал Т.Ариунболдод 700 гаруй мянган ам.долларын өртөгтэй "Rollce Royce Cullinan" маркийн автомашин бэлэглэж байв. Монголд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Н.Төгсцогтоос энэ талаар асуухад тэрбээр “Энэ бол хүний сэтгэлийн юм. Бэлэг болохоор энд яриад яах вэ” хэмээн даруухан хариулт өгч байсан юм. 

Т.Ариунболдод бэлэглэсэн Rollce Royce Cillinan маркийн автомашин

Сонирхуулахад, Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 12 тулаан хийн 11 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна. Тэрээр хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сарын 8-нд Гари Рассел Жуниортой тулалдан мэргэжлийн боксын замналдаа анхны ялагдлаа хүлээсэн юм.  Харин Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч Эдуардр Рамирез одоогийн байдлаар нийт 28 тулаан хийн 23 ялж, хоёр ялагдаж, гурав тэнцсэн үзүүлэлттэй аж. Мөн саяхан WBC боксчдын шинэ чансааг зарлахад 57.2 кг жингийн чансааг “King Tug” буюу Н.Төгсцогт манлайлж байгаа гэх мэдээлэл гараад буй.