С.Золбоо: Бичлэгүүдээрээ дамжуулан хойч үеийнхэндээ эерэг, зөв үлгэр дууриал үзүүлэхийг хичээдэг

С.Золбоо: Бичлэгүүдээрээ дамжуулан хойч үеийнхэндээ эерэг, зөв үлгэр дууриал үзүүлэхийг хичээдэг

Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөн эх орондоо ирж ихийг бүтээхээр шамдан ажиллаж байна. Тэдний нэг бол Сүхбаатарын Золбоо. Түүнийг “Золбоо тв” уoutube сувгаар нь олон хүн андахгүй. Анх “уoutube” суваг хөтлөх ямар ч мэдлэггүй байсан тэрээр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө сорьж, “Золбоо тв” уoutube сувгаа нээж байсан бол нэг жилийн хугацаанд аль хэдийн 96 мянган үзэгчтэй /subscribe/ болж чаджээ. Бид энэ удаагийн ярилцлагын индэртээ түүнийг урьж, сонирхолтой бөгөөд “амттай” яриа өрнүүллээ. 

-ХҮМҮҮСИЙН СОНИРХОЛД ТУЛГУУРЛАЖ, ХЭЛЭХИЙГ ХҮССЭН
ЗҮЙЛСЭЭ БИЧЛЭГЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛДЭГ-

-Сайн байна уу. “Zolboo tv” youtube  сувгаар  хүмүүс таныг илүү мэдэх байх. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулаач.

-Сайн байна уу. Намайг Сүхбаатарын Золбоо гэдэг. Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Багадаа нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй, юм юм хийх хүсэл сонирхолтой, дуулж, бүжиглэх авьяастай хүүхэд байсан. 2002 онд долдугаар ангиа төгсөөд БНСУ-д анх ирж байлаа. Дунд сургуулиа Солонгост төгссөн. Харин их сургуулиа Монголд Олон Улсын Улаанбаатар их сургуулийн бизнес, маркетингийн ангиар төгссөн юм. Түүнээс хойш Солонгост амьдарч, чөлөөт цагаараа “Youtube” сувгаа хөтөлж байна.

-“Үoutube”  суваг хөтлөх санаа хэрхэн төрж байв?

-Санамсаргүй хэрнээ их сонин байдлаар анх “youtube”  сувгаа нээж байсан. Би хөл бөмбөгийн секцэд явдаг, хөл бөмбөгөөр хичээллэдэг байсан юм. Нэг өдөр Солонгос “уoutube” суваг хөтөлдөг  танил хөлбөмбөгчин ах маань “Золбоо чамайг анзаараад байхад дуулах, бүжиглэх гэх мэт олон талын авьяастай юм. Чи “уoutube”  суваг нээгээд үзвэл яасан юм. “Youtube”-ээр чи мөнгө олох боломжтой, бас маш их зүйлийг сурах болно” гэж хэлж байсан. “Үoutube” суваг хөтлөх талаар нэг их мэддэггүй байсан хүн чинь тэр өдрөө шууд л утсаа урдаа тавиад бичлэг хийж эхэлсэн.

-Анх ямар бичлэг оруулж байв?

-Хамгийн анх “уoutube”-д оруулсан бичлэгүүдийнхээ ихэнхийг нь устгачихсан. Гэхдээ Майкл Жексоны нэг дуун дээр аяга, тавгаа угааж байхдаа бүжиглэсэн бичлэгээ устгаагүй байгаа/инээв/. Сувгаа нээгээд удаагүй байхдаа дандаа өөрийнхөө бүжиглэж, гитартай дуулж буй бичлэгүүдээ оруулдаг байсан.  Тухайн үедээ их гоё бичлэг хийлээ гэж боддог байсан ч дараа үзэхэд жаахан ичмээр санагдаад устгачихсан юм.

-Яагаад “Золбоо тв” гэж нэрлэсэн бэ?

-Солонгосуoutuber”-үүд ихэвчлэн өөрийн нэрийн араас тв гэж залгуулан сувгийнхаа нэрийг өгсөн байдаг. Үүнээс санаа авсан гэж хэлж болно. Ерөнхийдөө “Золбоо гэдэг хүний хийж буй бүтээлийг энэхүү сувгаар дамжуулан үзэх боломжтой” гэсэн утгаар тэгж нэрлэсэн

-Анхны бичлэгээ сувгаараа цацахад хүлээж байсан үр дүнд хүрсэн үү?

-Бичлэгээ цацахад шууд л олон хүнд хүрчихгүйг мэдэж байсан. Үнэндээ дөнгөж эхэлж байхад хэцүү зүйл их тулгардаг. Цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулан байж бичлэг хийн, нийтлэхэд хүмүүс үзэхгүй байх нь ч бий. Дагагчдын тоо ч их удаан нэмэгддэг шантрах үе их. Хүмүүс ямар бичлэгийг илүү их үзэх вэ гэдгийг “youtube” суваг хөтлөх явцдаа суралцсан гэж хэлж болно. “Хүмүүс иймэрхүү зүйлийг сонирхдог юм байна. Ийм зүйлийг үзэх дуртай юм байна” гэдгийг мэддэг, мэдэрдэг болчихдог юм байна лээ. Эхэндээ хувийн сонирхолд тулгуурлаж бичлэг хийдэг байсан бол яваандаа хүмүүсийн сонирхдог зүйлийг нь өөрийнхөө хүргэхийг, хэлэхийг хүсэж буй зүйлстэй нийлүүлж бичлэг хийдэг болсон. 

-БИЧЛЭГЭЭРЭЭ ХОЙЧ ҮЕИЙН ДҮҮ НАРТАА ЗӨВ ЭНЕРГИ, ЗӨВ
ҮЛГЭР ДУУРИАЛ, ЗӨВ ХАНДЛАГЫГ СЭДЭЛЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ-

-Таны “youtube” сувгаар зочлоход их олон төрлийн бичлэг байгаа харагддаг. Нэг төрлөөр дагнаж бичлэг хийнэ гэж боддог уу?

-“Youtube” сувгаа нээж байхдаа л нэг төрөлд баригдахгүй байя гэж бодсон. Нэг төрлөөр дагнавал зөвхөн тэр төрлийн сэдвийг сонирхдог, тухайн салбарын хүмүүс л үзнэ. Тиймээс олон төрлийн сэдвээр бичлэг хийвэл хүмүүс илүү сонирхох байх гэж бодсон юм. Одоо эргээд харахад хүмүүст хэлэхийг хүссэн, хүргэхийг зорьсон олон сэдвээр бичлэг хийчихсэн байсан. Нөгөө талаар хүмүүсийн хүлээлт их болчихдог. Дараагийн удаа Золбоо ямар сэдвээр бичлэг хийх бол гэж их сонирхож, хүлээдэг болсон.

-Ер нь хүмүүс ямар төрлийн бичлэгийг илүү сонирхож, хүлээн авч байна. Харин та ямар контентуудыг хүргэхийг зорьдог вэ?

-Ер нь танин мэдэхүйн, гэмт хэргийн сэдэвтэй хүний анхаарлыг шууд татахуйц зүйлд их дуртай байдаг юм байна лээ. Би  танин мэдэхүйн сэдэвтэй, хүмүүст аль болох хэрэгтэй мэдээлэл бүхий бичлэг оруулахыг эрмэлздэг. 

-Контентуудынхаа санааг хэрхэн олдог вэ?

-Янз бүрийн байдлаар л олдог. Ажил хийх, хүнтэй ярилцах, зурагт үзэж байхдаа гээд л өдөр тутмын амьдралаас минь контентын санаа урган гарч байдаг. Тухайлбал,  мэдээ үзэж байгаад нэг сонирхолтой зүйл олж мэдвэл “энэ талаар Монголчууддаа хүргэвэл илүү хэрэгтэй юм байна” гээд л цааш нь судалж, бичлэгийн төлөвлөгөө гаргадаг. Шинэ санаа төрөх бүрт бичдэг нэг самбар өрөөнд маань бий. Самбар дээрээ санаануудаа жагсааж бичиж, боловсруулаад бичлэгүүдээ хийдэг дээ.

-Контент хийх тогтсон цагийн хуваарь бий юү?

-Байхгүй ээ. Ажлынхаа цаг заваар л хийдэг. Эрт тарсан өдрөө гэртээ ирээд л бичлэгээ хийнэ. Ер нь цаг заваа ашиглаад аль болох олон контент хийхийг хүсдэг.  Гэхдээ ядарсан үедээ яалт ч үгүй өнжинө. Танин мэдэхүйн, дүү нартаа чиглүүлсэн контентууд дээрээ аль болох их цаг гаргаж, чанартай хийхийг эрмэлздэг. Тухайн сэдвийн дагуу судалгаа хийж, өөрийн ойлгосон зүйлийг бичиж, тэмдэглээд бичлэгээ хийнэ. Бичлэг эвлүүлэхэд дор хаяж 8-10 цаг бол шаардагддаг. Анх бичлэгээ Солонгос хүмүүсийг үзээсэй гэж солонгос хадмалтай гаргаж эхэлсэн. Хадмал хийхэд маш их цаг ордог. Бичлэг эвлүүлэхэд нэг өдөр зарцуулж, хадмал хийхэд дахин нэг өдрийг зарцуулдаг байсан. Тиймээс цаг хэмнэх үүднээс хоёр сарын өмнөөс хадмал хийхээ больсон. 

-Та бичлэг хийхдээ юуг хамгийн ихээр анхаардаг вэ?

-Контент хийхдээ хамгийн их анхаардаг зүйл бол залуу, хойч үе, дүү нартаа зөв энерги, зөв үлгэр дууриал, зөв хандлагыг сэдэлжүүлэх юм.  Бичлэгийг маань үзсэн хүн нэг ч гэсэн зүйлийг ойлгож, ухаараасай гэж маш их хүсдэг. Монголын нийгэмд аливаа зүйлийн нарийн ширийнийг ээж, аав, багш нь тайлбарладаггүй, эсвэл хэлж өгөх хүнгүй хүүхдүүд их байдаг шүү дээ. Юу хийж, яаж амьдрахаа мэдэхгүй явж буй залуус ч бий. Зарим “youtuber”-үүд “хүний анхаарлыг татаж байвал л болоо” гэсэн шиг гэмт хэргийн шинжтэй, элдэв гаж мэдээлэл бүхий бичлэгүүд их хийх болсон. Зөвхөн хандалт авахын төлөө хүний элдэв гаж, буруу зүйлсийг сурталчлаад байж болохгүй шүү дээ. “Youtube” бол мэдээллийн маш том суваг. Тэндээс олон хүүхэд хяналтгүй, шүүлтүүргүй мэдээлэл авч байна. Тиймээс контент хийхдээ хойч үеийн залуустаа аль болох сургамжтай, хэрэгтэй мэдээллүүдийг хүргэхийг хичээдэг.

-“YOUTUBE”-ЭЭР ИХ МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖТОЙ ГЭЭД
БҮХ ЗҮЙЛЭЭ ХАЯЧХАЖ БОЛОХГҮЙ-

-Бичлэгүүдээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

-Бичлэг бүрийн хувьд өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлдэг. Би аль болох эерэг , хөгжилтэй байхыг хичээдэг. Өдөржин ажиллаад ядарч, стресстсэн хүмүүс орой бичлэгийг минь үзээд инээж, багахан ч гэсэн стресээ тайлаасай гэж хүсдэг. Тэгж чадвал зорилго маань биелж байна гэсэн үг. 

-Та “youtube” суваг нээгээд нэг жил өнгөрч байна. Нэг жилийн дотор 100 мянга гаруй хүн таны сувгийг дагажээ. Энэ бол чамлахааргүй амжилт шүү дээ. Үүний нууц нь юу гэж бодож байна?

-Бичлэгээрээ дамжуулан хэлэхийг хүссэн, илэрхийлэхийг зорьсон бүхнээ ний нуугүй ярьж, өөрийнхөө байж чаддаг болохоор хүмүүс миний сувгийг үзэх дуртай байдаг гэж боддог. Хандалт авах зорилгоор гээд есөн шидийн бичлэг хийж болно. Гэхдээ хүмүүст эерэг, сургамжтай аль болох хөгжилтэй бичлэг хүргэхийг хичээдэг. Эерэг гэдэг утгаараа хүмүүс үзэх дуртай байдаг байх. “Би таны бичлэгийг үзээд ингэдэг болсон, тэгдэг болсон” “Бичлэгээс тань ийм зүйлийг ойлгосон шүү” гэж сэтгэгдэл үлдээхэд маш их урам авч, илүү гоё зүйлсийг хүмүүст хүргэхийг хүсдэг. 

-“Үoutube”-ээр орлогожих боломж хэр байдаг вэ. 

-Орлогожих мэдээж боломжтой.  Монголын хувьд нэг харамсалтай зүйл нь “youtube”-ийн “CPM”-ийн түвшин их бага байдаг. Гадаадад бол минийх шиг үзэлттэй суваг сард 2000-3000 доллар олдог. Харин сувгийн мааньнийт үзэгчдийн 90 хувь нь Монголоос үздэг тул 200-300 доллар олдог. Тийм учраас “Youtube”-ээр их мөнгө олох боломжтой гээд бүх зүйлээ хаячхаж болохгүй. 

-Цаашид сувгаа илүү хөгжүүлэх бодолтой байна уу. 

-Тийм ээ. Надад бодож, төлөвлөж буй контентын санаанууд их байгаа. Хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй байна. Цаашид нэг шинэ оролдоод үзье гэж бодож буй нь Солонгосчуудын дуртай “мугбанг”/mukbang/ хийж үзэх сонирхолтой байгаа. Цаашдын зорилго бол шинэ залуу үеийнхэндээ хэрэгтэй зүйлийг хийж, хэрэгтэй хүн болох. Тэр мөрөөдөл минь биелнэ гэдэгт ч итгэдэг. 

-Ярилцлагын төгсгөлд “Золбоо тв” сувгийн үзэгчид болон “youtuber” болох сонирхолтой залууст хандаж үг хэлээч.

-Надад шантрах үе их байсан. Сөрөг сэтгэгдэл ч их ирдэг байсан. Тэр болгонд намайг дэмжиж урмын үгсийг харамгүй хэлдэг үзэгчид маань байдаг болохоор би өдий зэрэгтэй явж байна. Цаашдаа улам та бүхэндээ хэрэгтэй контентуудыг хүргэх болно. Харин “youtuber” болох хүсэл мөрөөдөлтэй залуустаа хандаад “тууштай бөгөөд ухаантай байгаарай” гэж хэлмээр байна. “Миний давуу тал юу вэ”, “давуу талаа ашиглан юуг хийвэл хүмүүс үзэх дуртай байна вэ” гэдгийг маш сайн олж харах хэрэгтэй. “Youtube”-ээр зөвхөн мөнгө олох биш, маш их зүйлийг сурч болно. Нэг талаар өөрийгөө сорьж байгаа хэрэг. Монголын “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сайхан зүйр үг бий. Хичээсэн хүнд заавал хөдөлмөрийнх нь үр дүн өгөөж нь ирдэг. Тиймээс залуустаа хөдөлмөрч, хичээнгүй, хамгийн гол нь дуртай зүйлийнхээ төлөө уйгагүй зүтгээрэй гэж хэлмээр байна.